Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн санал хураалт, улс төрийн намуудын дотоод зохион байгуулалттай холбоотой олон асуудал анхаарал татаж байна. Ардчилсан нам (АН)-ын гишүүдийг нэг өрөөнд бөөнөөр нь оруулж, саналыг нь багцалсан нь тэдний дотоод ардчилал хэр гүнзгий оршиж байгааг эргэлзээтэй болгож байна. Нэг талаас энэ үйлдэл нь парламентын бүлгийн шийдвэрийг хамгаалсан мэт боловч, нөгөө талдаа ард түмний дуу хоолой болох гишүүдийн бие даасан санал өгөх эрхийг хязгаарласан ардчиллын эсрэг алхам боллоо.

Үүний зэрэгцээ залуусын итгэлийг хүлээж, УИХ-д орж ирсэн ХҮН нам дотор ч зөрчил, тэмцэл хурцдаж байгаа нь ил тод байна. Тухайлбал, тус намаас сонгогдсон Мөнхсоёл гишүүн Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана хэмээн мэдэгдсэн нь асуудлын ноцтой байдал, дотоод зохион байгуулалт дахь үл ойлголцлыг илтгэж буй юм.

Эсрэгээрээ, Монгол Ардын Нам (МАН)-ын хувьд дотоод ардчилал харьцангуй илүү байгааг харж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “нэг ч хүн рүү утасдаагүй, санал хайрцаглаагүй” гэж мэдэгдсэн нь 68 гишүүнтэй намын дунд бие даасан байр суурийг хүндэтгэж, санал хураалт хийдэг зарчим үйлчилж байгааг харуулж байна. Энэ нь бодит дотоод ардчиллын нэг жишээ юм.

Харин АН-ын дотоод зохион байгуулалт, бодлогын нэг мөр байдал сул байгааг сүүлийн үйл явдлууд харууллаа. Засгийн газраас гарахаа мэдэгдсэн ч тухайн намд харьяалагддаг зарим сайд нар кабинетад үлдэх сонирхлоо илэрхийлсэн нь зөрчилдөөнтэй мессеж болж хувирав. Тухайлбал, УИХ-ын чуулганы үеэр Туваан сайд “итгэл хүлээлгэвэл Ардчилсан нам бэлэн” хэмээсэн нь эсрэг байр суурийг илэрхийлсэн намын мэдэгдэлтэй зөрчилдсөн юм.

Эрх баригч намын мега төслүүдийг дэмжин, хамтран эхлүүлсэн байж, улмаар Ерөнхий сайдыг орхин гарсан Ардчилсан намын гишүүд улс төрийн ёс зүйг үл харгалзсан мэт харагдаж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Түүнчлэн, АН-ын дотоод хагарал зөвхөн удирдлагын түвшинд бус, парламентын гишүүдийн түвшинд ч ил тод болж, шийдвэр гаргалт нь ард түмний саналтай нийцэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. АН-д өгсөн сонгогчдын санал үнэхээр Засгийн газрыг огцруулахыг хүссэн эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Эцэст нь дүгнэвэл, өнөөдрийн улс төрийн бодит байдалд МАН илүү нээлттэй, дотоод ардчилалтай, байр сууриа нээлттэй илэрхийлдэг нам болж хувирч байгаа бол АН дотоод зохион байгуулалт, улс төрийн үнэт зүйлс дээрээ эргэн харах шаардлагатай байна.