Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Архангай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг  Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолын хэрэгжилттэй танилцаж, Аймгийн онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ.  Хурлын үеэр Аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн. Архангай аймгийн хэмжээнд  2025-2026 онд 5.4 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан бөгөөд бэлчээрийн 46.1 хувь хүрэлцээтэй 53.9 хувьд даац хэтэрсэн судалгаа хийжээ. Үүнээс эдийн засгийн эргэлтэд 578.1 мянган толгой оруулахаар төлөвлөсөн байна. Тус аймаг одоогоор өвс тэжээл 867.5 тн өвс, 328.6 тэжээл нөөцтэй байгааг танилцуулав. Энэ нь өнгөрсөн оны аюулгүйн нөөцтэй харьцуулахад 70 хувийг бүрдүүлсэн дүн. Засгийн газраас тогтоосон хэмжээнд аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд 5.2 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газарт  томилолт, шатахууны зардал хомс байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд танилцууллаа.  

Мөн Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж бодлого чиглэлээ танилцууллаа.

Аймгийн удирдлагуудын мэдээлэлтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв гарсан тул бэлтгэл ажлыг цаасан дээрх тоо бус бодит байдалд нийцүүлэн хангахыг үүрэг болголоо. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажилд малчдын оролцоог хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангасан нэгдсэн удирдлагаар хангах,  отор нүүдэл, түүнийг дагасан нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг бэлтгэх зэрэг чиглэл өглөө.