Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг анх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа “хов хутгаж, хагаруулдаг хүмүүс төрд байна” гэж далд утгаар хэлж байв. Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарж, засгаа огрцуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн Б.Батцэцэгийн талаар хэвлэлүүд бичихдээ “ховч муужгай” гэж тодотгох болсон. Үүнийг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саяхны мэдээлэл дээрээ мөн зарласан.
Түүнээс гадна гадаадын их, дээд сургуульд зээлээр сурсан сургалтын төлбөрөө төлөлгүй өдий хүртэл “луу унжиж” байгаа нь ч тодорхой боллоо. Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмээ Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “БЗС-гаас зээл авч сурсан УИХ-ын нэр бүхий 26 гишүүн бий. Гэвч зээлийн хүүгээ огт төлдөггүй. Жишээлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 75 сая төгрөг, Б.Энхбаяр гишүүн 32 сая төгрөгийн хүүгээ төлөөгүй байна” хэмээсэн юм. Хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд нь төрөөс олон тэрбумын тендер авдаг атлаа түүнээс олж байгаа ашгаасаа татвар төлөгчдийн мөнгийг буцаагаад улсад нь тушаачих сэтгэл, соёл Монгол Улсын гадаад харилцааг олон улсад төлөөлдөг эрхэм сайд Б.Батцэцэгт алга. Харилцдаг гадаад орнуудад нь сайд нар ёс зүйн асуудал үүсгэснийхээ төлөө албан тушаалаасаа чөлөөлөгддөг байхад манай сайдад тийм ухамсар ч байдаггүй.
У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн, Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газруудад нэг л албан тушаалдаа удаа дараа үлддэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрөөс зарласан бараг бүх л тендерийг хамдаг, сонгуулийн санал хураалтын хуудсыг хэвлэх ажлыг хамаарал бүхий компани нь хийдэг гээд тэрбум тэрбумаар нь улсын төсвөөс мөнгө авч байгаа нь үнэн. Төрийн сайдын сүр хүчээр үнийн дүнг нь төрийн нууцын зэрэглэлд хамааруулчихдаг гэсэн хардлага хэвлэх үйлдвэрлэлийн салбарынхан нь ярьдаг. Б.Батцэцэг хамаарал бүхий компаниуддаа давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх булхайтай, будилаантай факт баримт захаас аван бий. Зарим жишээг энд дурдъя. Сангийн яамнаас зарладаг үнийн дүн нь нууцлагдсан архи, тамхины онцгой албан татварын тэмдэгт, холбогдох маягтыг төрийн нууц нэрийн дор зөвхөн Б.Батцэцэг сайдын үүсгэн байгуулсан компани хэвлэдэг. “Ковид”-ын цар тахлын жилүүдэд “Ахмадын ваучер” гэх талоныг хэвлэлийн үйлчилгээ эрхэлдэг бусад аж ахуйн нэгжүүд 30-60 орчим сая төгрөгөөр хэвлэж өгөх санал өгсөөр байхад хэд дахин өндөр буюу 592 сая төгрөгөөр Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани л хэвлэсэн.
“Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан 2014-2020 оны хооронд төрөөс зарласан 41 тендерт ялж, нийт гурван тэрбум 259 сая төгрөг авсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлсээр байна.
Б.Батцэцэгийг төрийн өндөр албан тушаал хаших болсноос хойш хамаарал бүхий компаниуд олон тендер хамжээ. Тухайлбал, “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д бичгийн цаас нийлүүлэх 23.5 сая төгрөгийн, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бичиг хэргийн материал нийлүүлэх 27.8 сая, ГССҮТ-д бичгийн цаас нийлүүлэх 28 сая, Зам тээврийн хөгжлийн төвд бичиг хэргийн материал нийлүүлэх 23 сая, МИАТ компанид бичгийн цаас, бичиг хэргийн материал нийлүүлэх 57.5 сая, Харилцаа, холбооны зохицуулах хороонд бичгийн цаас, дугтуй нийлүүлэх 13.2 сая, Цагдаагийн ерөнхий газарт бичгийн цаас нийлүүлэх 49.6 сая, ЭХЭМҮТ-д бичиг хэргийн материал нийлүүлэх 36.7 сая гээд олон жишээ баримт бий.
Улс төрд гал авалцаж байгаа намрын халуун энэ өдрүүдэд ил байгаа эдгээр баримтад тулгуурлан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд нь анхаарлаа хандуулж, танхимаа цэвэрлэвэл Г.Занданшатар авлигач, хулгайч нарын эсрэг дайн зарлаж, Б.Энхбаяр түүнийх нь илд, бамбай болох нь ээ гэдэгт итгэж болохсон.
Эцэст нь хэлэхэд, Засгийн газрын танхимыг өөдгүй, муухай, эвлэрлийг талцал болгон харагдуулж байгаа танхимынхаа ховч, хутгуурууд, тендер хамагчдаас одоо л салах цаг. Энэ эгзэгтэй цаг мөч төр засгийг хааш нь ч эргүүлж мэдэхээр байна шүү, Ерөнхий сайд аа!
У.АМАР
Xovch shar avgai zailiichee! Daldar!
ЗӨВ. ИЙМ хүн төрийн сайд байх ёсгүй шүү.