Сүүлийн өдрүүдэд багш нарын ажил хаялттай холбоотой мэдээлэл өгөх үеэр миний хэлсэн үгний агуулгыг гуйвуулж цахим орчинд “Ажил хаявал тухайн ажил хаясан багшийн цалинг хасах хүртэл хариуцлага тооцно” гэж буруу ойлгуулж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйл — ажил хаялттай холбоотой заалтууд болох 29.1, 29.2.1, 29.2.2, 29.2.3, 29.2.4-ийн хүрээнд хуулийн зохицуулалтыг тайлбарласан болно.

Хэрэв шүүхээс тухайн ажил хаялтыг хууль бус гэж үзвэл, ажил хаялт зохион байгуулсан тал цалин болон нэмэгдэлтэй холбоотой зардлыг хариуцах тухай хуулийн зохицуулалт байдгийг дурдсан юм. Энэ нь аливаа тал ажлаа хаях, эсвэл ажил хаялт зохион байгуулахдаа хуульд нийцүүлэн, зөвшилцөлтэй байдлаар шийдвэр гаргах шаардлагатайг онцлон зөвлөсөн утгатай болно.

Миний бие Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын хувьд аливаа асуудлыг хүчээр бус, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэдгийг дахин хэлье.