МАН тойрсон зодооныг эхлүүлсэн хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Мань эр байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ гэж мэдэгдээд MCS, МАК зэрэг том компаниудыг хэлцэлд дуудсан ганц Ерөнхий сайд. Хөрөнгөө нотлож чадаагүй төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураана гэж дуугарсан Ерөнхий сайд ч түүнээс өөр байхгүй. Мөнгө эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлийн эсрэг хийсэн галтай мэдэгдлүүдийнхээ гороор тэр “ордоны эргэлт”-ээр суудлаасаа огцорсон цор ганц Ерөнхий сайд болж түүхэнд үлдэнэ.
Экс Ерөнхий сайдтай нэг санаагаар зүтгэж, улстөрийн гал дундуур туучиж яваа улстөрч бол Д.Амарбаясгалан. Тэр МАН-ын даргын зодоонд ялсан. Гэхдээ том улстөрөөс болж УИХ-ын даргын суудлаа өгсөн. Сул гишүүн болсон тэрээр ордонд өрнөж буй их улстөрд жинхэнэ утгаараа хэрчүүлж яваа улстөрч. Түүнийг тойрсон улстөрчид ч нөлөө, нөмөр томтой Г.Занданшатарын улстөрд хэрчүүлж явна.
Өнгөрсөн долоо хоногт Ухаахудагийг шалгах хороо байгуулах асуудлыг хэлэлцэх гэтэл гишүүдийн олонх MCS-ын талд кноп дарж олныг гайхашруулсан. Гэхдээ МАН-ын бүлэг завсарлага авснаар УИХ МСS гэдэг ганцхан компанийн кнопчид болсныг баталсан шийдвэр албажаагүй. Д.Амарбаясгалангийн зарчмыг дэмжигч гишүүд Г.Занданшатарын Засгийн газрыг Бодь, MCS гэх жинхэнэ нүүрсний хулгайчидтайгаа тэмцэхгүй байна хэмээн шүүмжилж буй. Энэ мэт том нүүрсний хулгайчдын толгойг илж буй Г.Занданшатарын нөлөө, нөмөр хэтэрхий том. Тийм учраас жинхэнэ нүүрсний хулгайчид энэ засгийн өнгөнд лав завшаад өнгөрөх нь тодорхой болчихлоо.
Ийм хүч тэнцвэргүй тулаанд Д.Амарбаясгалан ганцаардаж байна. Одоо үгээ хэлэх хүн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Өнгөрсөн долоо хоногт тэр “Бодь-ийн оффтейк бол жинхэнэ нүүрсний хулгай. Том хулгай. Энэ гэрээг ярихгүй бол нүүрсний хулгай яриад хэрэггүй” гэсэн үг унагана лээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо үүнээс томыг яримаар байна. Томчуудын том авлига нуугдсан гэх Бодь-ийн оффтейк гэрээ үнэхээр зууны том луйвар болчихсон юм бол тэрийг нь ярь, дэлгэ, илчил. Ухаа худагийн нүүрсний хулгайг тоотой, баримттай нь гаргаад ир.
“Г.Занданшатар ийм том хулгайчдын толгойг илж байна. Б.Энхбаяр аа Бодь-ийн оффтейк гэрээ, Ухаа худагийн нүүрсний хулгайн талаар ганц үг ганхийхгүй байгаа чинь ямар учиртай юм бэ” гэж ирээд баримт дэлгэвэл экс Ерөнхий сайд том, тод харагдана. Эрх ашиг мөнгөөрөө нэгдсэн Д.Амарбаясгалангийн улстөрд том дэм болно. Том компаниудын нүүрсний хулгай, оффтейк гэрээ ганц ч хүрз нүүрс олборлоогүй Бортээгийн уурхайгаас илүү том асуудал гэдгийг та мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
Та нэгэнтээ Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ–ийн гишүүн байсан хүн. Өдгөө үүсээд буй нөхцөл байдалд үг шиг үг, баримт шиг баримт, улстөрч шиг үйлдэл гаргах цаг нь ирчихлээ, Л.Оюун-Эрдэнэ ээ. ҮАБЗ–ийн гишүүн байхдаа батлалцсан, эсвэл өмнө нь батлаад ноцтой но-той нь илэрсэн бүх гэрээний хөшигний цаадах үнэнийг та мэднэ. Одоо бэрийн цүнх яримааргүй байна. Хамт зүтгэснээсээ болж их улстөрд хай найргүй шарагдаж яваа Д.Амарбаясгалан ба түүний нөхдөд таны хүчтэй мэдэгдэл, бүлэглэлүүдийн но-г илчилсэн баримтууд хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!