"Оюутолгой"-н бүлэг ордын ашиглалтын асуудлаарх Хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд явуулахаар товлоод байна. Тус сонсголд оролцох албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа.

УИХ-ын гишүүн, Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал: "Үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн Газрын үе үеийн гишүүд, УИХ-ын 39 гишүүнийг сонсголд дуудаж байна.

Мөн АМГТГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ГХЯ, ГЕГ, ЕТГ, ЗГХЭГ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, ҮАБЗ-ийн шинжээчид оролцоно. Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийнхан дарга нарын төлөөллүүд, "Монгол газар" ХК, Онтре, "Оюутолгой" компанийнхан, ТУЗ-ийнхөн, "Рио Тинто" групп болон Туркойз хилл компанийн төлөөллүүд оролцоно.  Хөндлөнгийн экспертүүд, эрдэс баялгийн зөвлөлийн мэргэжилтнүүд зэрэг нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудан оролцуулна" гэв.