Монгол Ардын Намын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн Хангайн бүсийн төв Арвайхээр хотноо өнөөдөр /2026.09.19/ эхэллээ. 

Хангайн бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Аюулүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганмаа болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын хорооны дарга, дэд дарга, сум, багийн үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцож байна.

Хангайн бүсийн зөвлөгөөнийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, үг хэллээ. 

Тэрбээр нээлтийн үгэндээ: Монгол Ардын Намын эрхэм журмын нөхөд, Хангайн бүсийн намын удирдлагуудад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” үзэл санааны хүрээнд анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж, намын гишүүдийнхээ санал, хүсэлтийг сонсох Хангайн бүсийн зөвлөгөөнийг эхлүүлж байна. 

МАН-ын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн зорилт, чиглэлийг хэрэгжүүлж, гишүүдийнхээ идэвх, оролцоонд тулгуурласан, нээлттэй, шинэчлэгдсэн намыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Намын гишүүдийн санал бодлыг төр, засгийн бодлого шийдвэрт тусгаж, итгэл, хариуцлагыг бодит ажил, зүтгэлээр хариулах нь бидний зорилго. 

Намын даргын хувьд өнгөрсөн хугацаанд 13 аймаг, нийслэлийн бүх дүүргийн анхан шатны намын дарга нартай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Хангайн бүсийн намын байгууллагуудын хувьд эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэн, цаашдын зорилтоо нэгтгэн ажиллах болно. Цаашид ч намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, анхан шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, итгэл хариуцлагыг бодит үйл хэрэг, үр дүнгээр хариулахын төлөө хичээн ажиллах болно гэлээ.


Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж буй Монгол Ардын Намын Удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож үг хэллээ.

Тэрбээр 2025 оны намын 31 дүгээр их хурлаас хойших хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, намын бодлогын хэрэгжилт, гишүүнчлэлийн шинэчлэл, цахим шилжилт болон орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд 17 аймгийн 247 сум, 8 тосгонд ажиллаж, 22,385 гишүүн, дэмжигчтэй уулзан, 653 санал, хүсэлт, шүүмжийг бичгээр хүлээн авчээ. Үүний дотор Хангайн бүсийн гурван аймгаас 9,930 хүн уулзалтад оролцсон нь улсын хэмжээнд оролцсон нийт иргэдийн 44 хувийг бүрдүүлсэн байна. 

Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр гишүүд, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн орон нутагт ажлын байр бий болгох, багш, эмчийн хомсдол, тэтгэврийн бодлого, малын түүхий эд боловсруулах үйлдвэр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн Хангайн бүсийн намын байгууллагуудад дараагийн 90 хоногт хэрэгжүүлэх таван чиглэл буюу эв нэгдлийг хангах, гишүүн бүрд хүрч ажиллах, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг танилцууллаа. Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцлов.

Бүсийн зөвлөгөөнөөр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

Мөн энэхүү бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хороодын тайлан, илтгэлийг сонсож, бүсийн бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр бодлогын асуудлуудыг хэлэлцэж байна.