УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Л.Энх-Амгалан сайд тухайн үед хийсэн мэдэгдлээ болон жагсаалтаар нэр нь гарч ирсэн эмэгтэй гишүүдээс уучлалт хүсэж байна гэдэг ганц өгүүлбэр хэлэхэд болох асуудал. Уучлалт гуйхгүй бол чуулганд суухгүй гэсэн олон гишүүн байна. Миний хувьд өнөөдөртөө багтааж Л.Энх-Амгалан сайд өөрийн биеэр уучлалт гуйна гэж харж байгаа. Сайд намынхаа эрх ашгийг бодож уучлалт гуйх байх” хэмээн ярив.

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Би ямар гэм хийсэн гэж О.Саранчулуун, А.Ариунзаяа хоёроос уучлал гуйх юм” хэмээв.

Тэрбээр мөн “Дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулаад өгөөч” гэж Ж.Оджаргал, О.Цогтгэрэл нараас хүсэж байсан нь үнэн гэдгийг хэлээд, төрөөс хувьсах зардал авч буй 350 цэцэрлэг бүрийн өмчлөлийг нэр бүрээр нь мэдэх боломжгүй гэдгээ тайлбарласан байна.

Мөн 130 сургуульд улсын төсвөөс санхүүжилт олгодог бөгөөд тухайн сургуулиудыг “О.Цогтгэрэлийнх, Л.Гантөмөрийнх, Н.Учралынх” гэх мэтээр эзэмшлээр нь ялгаж санхүүжилт олгодоггүй гэж тайлбарлав.