АН яг одоо 4/11 мэдээллийн цагаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд захаар яваад “Ард түмэндээ мөнгө өгөх гэсэн чинь АН харамлаад байна” гэж яриад яваа. Үнэндээ бол АН ард түмний мөнгийг засгаас хамгаалж байна. Засаг ард түмний мөнгийг яаж үрэн тарах хийх гэж байна вэ?

“Оюутолгой” болон бусад компаниас орж ирэх мөнгийг Хуримтлалын санд хуримтлуулах ёстой. Иргэн бүрийн нэр дээр 835 мянган төгрөг хадгалаад, ирээдүйд орон сууц, эрүүл мэндэд нь зарцуулах байтал ЗГ “Би одоо энэ мөнгийг зарцуулъя. Авлигачдын газар салаагаар урсгасан төсвийг нөхье” гэж байгааг эсэргүүцэж байна.

2026 оны эхэнд багш, эмч нарын цалинг нэмсэн. Үлдсэн төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд тодотгол хийх гэж байгаа гэж яриад байгаа. Үнэндээ 2026 оны төсвийн тодотголд тэтгэвэр нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг төлөвлөсөн. Цалин, тэтгэвэр 1 төгрөгөөр нэмээд, дарга нар төсвөө 5 төгрөгөөр нэмэх гэж байна. Дарга нарын энэ 5 төгрөгөөс болоод инфляц өснө. Тиймээс таван төгрөгөө танаач гэж байгаа юм.

АН-ын эдийн засгийн бодлогын зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв: 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвөөр нийтдээ Засгийн газрын 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр 6 сая төгрөгийн өрийг шинээр бий болгох гэж байгааг намын зүгээс эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Сүүлийн үед эрх баригч намын дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зүгээс ирэх онд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн 2-3 их наяд төгрөгийг аймгуудад баригдахаар төлөвлөгдөөд гацсан, авлигачид нь шүүх, шоронгийн хаалга татсан станцуудыг дуусгах болон бараа сураггүй байгаа VI цахилгаан станцын төсөлд 30 хувийг нь оруулах тухай ярьж эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. 

2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ТӨК-иудын ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Энэ хэмжээний мөнгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилж бүртгэвэл Монгол Улсын нэг иргэнд 835 орчим мянган төгрөг ногдоно. Гэтэл хууль зөрчиж, иргэдийн халаасанд орох ёстой мөнгөөр хулгайн төслүүдийнхээ үлдэгдлийг санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл. Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг шууд зөрчиж байна. 10 аймгийн дулааны цахилгаан станцыг явуулах нь зөв боловч иргэдээс санал авахгүйгээр энэ их мөнгийг хууль зөрчин тийш нь санхүүжүүлэх нь буруу.

АН-ын Хэрэг эрхлэх ерөнхий газар хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Ардчилсан намаас улс орон даяар эхлүүлсэн 'Өөрчилье, бүтээе' үндэсний хөдөлгөөн 330 сум, 204 хороо, 21 аймаг, есөн дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй иргэн "an.mn" аппликейшнаар дамжуулан саналаа ирүүлээд байна.

Иргэдийн тавьж буй саналыг эрэмбэлж үзвэл үнийн өсөлт, эдийн засгийн дарамт, аж ахуйн нэгжүүдийн өр зээлийн асуудал болон авлига, хулгайн асуудал тэргүүн эгнээнд байна. Энэ нь зохиомол бус, ард иргэдээс өөрсдөөс нь гарч буй бодит байр суурь юм. Тухайлбал, энэхүү хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Рашаант суманд 200 гаруй иргэн нэгдэж өөрсдийн хөрөнгөөр зам тавьсан зэрэг бүтээлч санаачилгууд гарч байна. 

Иргэдээс гадна мэргэжлийн холбоод, залуучууд нэгдэж байгаа бөгөөд an.mn сайтаар дамжуулан нийт иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалав.