АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны шуурхай штабын мэдээлэл болон шатахууны нөөцийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш нийт 257,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн.

Есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөдөд байрлах агуулах дээр буулгаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.

Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц руу 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станц руу 1,002 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 тонн автобензин орж ирсэн гэдэг нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байна. ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирснийг Улаанбаатар хотод ШТС-уудаар борлуулж байна” гэв.