2025 оны мэдээллээр Улаанбаатар хотын нийт хүн амын 11.5 хувь буюу 191,776 нь ахмад настан байна. Тэдний 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд ахмад настанд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо ажиллаж байна. Үүнд нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллагын 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 26 холбоо багтдаг байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Ахмадын амралт, сувиллын төв” байгуулах, ахмад настанд үзүүлэх хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, “Өдрийн асрах үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.