Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг маргааш буюу аравдугаар сарын 1-нээс улс орон даяар эхэлнэ. Энэ удаагийн үзлэгт нийт 270,689 хүүхэд хамрагдахаар тооцоолжээ.

Тодруулбал, цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838, зургаадугаар ангийн 11 настай 74,751, аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах аж. 

Цаашид эдгээр насны хүүхдүүдийг жил бүр тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үзлэгийг сургууль, цэцэрлэгт суурилан зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээ хийх юм. Тухайлбал, хүүхдийн өсөлт, хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгана.

Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх үзлэг, тандалт хийхээс гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ.

Эрт илрүүлгийн үеэр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг зохион байгуулах юм.

Энэ удаагийн үзлэгийг зохион байгуулах хүрээнд 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эмч нарыг сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн сургагч багшаар бэлтгэсэн байна.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд үзлэгийн зорилго, хийх шинжилгээ, үнэлгээ болон мэдээллийг хэрхэн хамгаалах талаар танилцуулж, зөвшөөрөл авах аж. Мөн эцэг, эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамруулахгүй байх эрхтэйг мэдээлэв.

Өмнө нь буюу гурван жилийн өмнө нэгдүгээр ангийн 60 мянга гаруй хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулахад гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролтой, гурван хүүхэд тутмын нэг нь харааны гажигтай болох нь тогтоогдож байжээ.

Тиймээс энэ удаагийн эрт илрүүлгийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг өвчин даамжирсны дараа бус, эрт үед нь илрүүлэн шаардлагатай эмчилгээ, тусламжид хамруулахад анхаарч байна.

Энэхүү үзлэгийг боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулах бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулах юм.