Өвөөгийн хууч яриа, эмээгийн намуухан сургааль, аав ээжийн амьдралын туршлага заримдаа бидний анзаардаггүй хамгийн үнэтэй өв байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээрийн үнэ цэнэ улам тодордж харагдана.
Ахмад үеийнхэн маань өнөөдөр бидний хажууд байж, амьдралын энгийн зүйлсийн үнэ цэнийг сануулж буй. Хөдөлмөрлөж олсон талх ямар амттай байдгийг, хүнд хэцүүг тэвчээд даван гарах тэвчээрийг, хүнийг хүнээр нь хайрлахын утгыг тэдний амьдрал, үг үйлдэл бидэнд зааж өгдөг.
Үе үеийн хоорондын холбоо тасрахгүй байх нь зөвхөн гэр бүлийн төдийгүй нийгмийн үнэт зүйл юм. Тэдний үгийг сонсож, амьдралынх нь түүхийг асууж, дурсамжийг нь хуваалцах нь тэдэнд өгч буй хамгийн энгийн хэрнээ үнэ цэнтэй хүндлэл байж болох юм.
Ахмад настнуудын хувьд хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, гэр бүлийн харилцаа, ганцаардал зэрэг олон асуудал өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлдөг. Тэдний дунд хөдөлмөрийн зах зээлд оролцох хүсэлтэй, өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан ажиллах боломж эрэлхийлж буй хүмүүс цөөнгүй.
2025 оны мэдээллээр Улаанбаатар хотын нийт хүн амын 11.5 хувь буюу 191,776 нь ахмад настан байгаа бөгөөд тэдний 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ тоо ахмад настнуудыг зөвхөн халамж хүртэгч бус, нийгмийн идэвхтэй оролцогч гэж харах шаардлагатайг харуулж байна.
Нэг талаас ахмад настнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх нийгмийн хамгааллын бодлого чухал.
Гэвч нас ахихын хэрээр хөдөлмөрийн зах зээлээс шахагдах, цахим үйлчилгээ ашиглахад хүндрэлтэй болох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, ганцаардал зэрэг шинэ сорилттой тулгардаг.
Тиймээс ахмадын асуудлыг зөвхөн “тэтгэвэр, халамж” гэсэн хоёр ойлголтоор хязгаарлах нь хангалтгүй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!