Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “4:11” мэдээллийн цаг өнөөдөр 11:00 цагт болно.

Энэ удаагийн мэдээллийн цагаар даваа гарагт болсон Хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл, тусламжийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын үеэр хөндөгдсөн асуудлаар мэдээлэл хийх юм.

Тодруулбал, даваа гарагт эхэлсэн ХАА-н салбарт төрөөс олгосон дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаасын хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын сонсголын үеэр хөндөгдсөн асуудлуудыг АН-ын зүгээс өнөөдрийн мэдээллийн цагаар онцлох аж.

Сонсголын үеэр ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлээс өндөр дүнгээр санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн дунд “Ханбогд кашмер”, “Говь”, “Сүү”, “Түмэн шувуут”, “Улаанбаатар гурил” зэрэг томоохон компаниуд нэрлэгджээ.  

Тухайлбал, “Ханбогд кашмер” ХХК ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх мэдээлэл сонсголын үеэр гарсан байна. Тус компанийн захирал Ч.Ганцэцэгийн хамаарал бүхий компаниуд өмнө нь Хөгжлийн банкнаас нийт 82 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд уг зээлийн зарцуулалттай холбоотой асуудал 2023 онд болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор мөн хөндөгдөж байв.