Ямааны годрон өвчин 2026 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Говь-Алтай аймгийн Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тандалт, хяналтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Мөн халдварын голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн нийт 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Түүнчлэн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна. Малчид, иргэдийг хорио цээрийн дэглэм болон малын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг мөрдөж, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.