Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ асуудлыг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон одой иргэнд олгодог нийгмийн халамжийн тэтгэврийг одоогийн 478 мянган төгрөгөөс 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 600 мянган төгрөгт хүргэхээр тусгажээ. Мөн ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эх, эцэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэврийг 432 мянган төгрөгөөс 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 600 мянган төгрөг болгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 478 мянган төгрөгөөс 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 600 мянган төгрөгт хүргэнэ.

Харин асаргааны тэтгэмжийг одоогийн 330 мянган төгрөгөөс 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 370 мянган төгрөг болгохоор тусгажээ. Мөн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2027 оны төсвийн төсөлд дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дээрх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон тэднийг асарч буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр болж байна.