Энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн 20:11 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 34 настай иргэн А-г гэр рүүгээ харихаар явж байх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, улмаар хоолойг нь боож унагаан гар утсыг нь дээрэмдээд зугтсан байна.

Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй М гэх этгээдийг олж тогтоон саатуулжээ.

Одоогоор уг хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.