Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн ашиглалт хүртэлх бүх үе шатыг нэгдсэн зохицуулалттай болгох зорилгоор Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.

Хуулийн төслийн практик шаардлагын хувьд хэдхэн тоо дурдвал, 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байна. Түүнчлэн зураг төсөл өөрчлөгдөх, санхүүжилтийн эх үүсвэр давхцах, барилга ашиглалтад орсон ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардал шийдэгдэхгүй зэрэг асуудал түгээмэл байна.

Хуулийн төсөлд эдгээр асуудлыг төлөвлөлтийн шатнаас шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн сонгох, батлагдсан төсөвт өртөг, хугацаанд нь хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан юм.

Бэлтгэл хангагдсан, үр өгөөжтэй төслийг санхүүжүүлнэ. Улсын болон орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, эх үүсвэр бүрийн зориулалт, хамрах хүрээг тодорхой болгоно.

Төслийг төсөвт өртөг, хэрэгжих хугацаагаар нь жижиг, дунд, том, хөгжлийн болон мега гэсэн таван ангилалд хувааж, бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, үр ашиг, эрсдэлийн үнэлгээнд тавих шаардлагыг ялгаатай тогтоохоор тусгалаа.

Төслийн саналыг орон нутгийн хэрэгцээ, бүс нутгийн ач холбогдол, салбарын бодлого, төсвийн боломжтой уялдуулан шат дараатай үнэлж, эрэмбэлнэ. Санхүүжилт хуваарилахдаа он дамжин хэрэгжиж буй төслийг дуусгах, их засвар, засвар арчлалтыг хийх, дараа нь шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэх дарааллыг баримтална.

Мөн шаардлагатай зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үндэслэл бүрдээгүй төслийг төсөвт тусгахыг хязгаарлаж, тоног төхөөрөмж болон цаашдын ашиглалтын зардлыг урьдчилан тооцож төлөвлөхөөр зохицуулсан байна.

Өртгийн өсөлтийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлнэ

Төслийг батлагдсан төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлэх зарчмыг баримталж, төлөвлөлтийн алдаа, зураг төсөл, төсвийн дутуу тооцоо, захиалагч болон гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг төсөвт өртөг нэмэгдүүлэх үндэслэл болгохгүй. Зайлшгүй өөрчлөлтийг аудит, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэхээр тусгажээ.

Гүйцэтгэгчийг хугацаа, төсөвт өртөг, ашиглагчийн сэтгэл ханамж, гэрээний биелэлт, ажлын чанар гэсэн таван үзүүлэлтээр үнэлнэ. Зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан этгээд, гүйцэтгэгч, захиалагч, төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн шийдвэр, үйл ажиллагааны үр дагаврыг хариуцаж, гэм буруутай үйлдлээр төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлөх зохицуулалтыг тусгасан.

Хөрөнгө оруулалтын мэдээлэл ил тод болж, ашиглалтын үр өгөөжийг хянана

Төслийн санал, үнэлгээ, санхүүжилт, хэрэгжилт, өмчийн бүртгэлийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэнэ. Ингэснээр шийдвэр гаргагчид болон иргэд хөрөнгө оруулалтын байршил, явц, санхүүжилт, үр дүнгийн мэдээллийг нэг эх сурвалжаас авах боломж бүрдэнэ.

Төсөл ашиглалтад орсноор хяналтыг дуусгахгүй бөгөөд бий болсон хөрөнгийг өмчид бүртгэх, ашиглалт, засвар үйлчилгээ, урт хугацааны зардал, үр өгөөжийг тооцох тогтолцоог бүрдүүлнэ.

Мөн түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийн анхны төрх, үнэ цэн, хийц, материалын онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах хөрөнгө оруулалтыг тусгайлан зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан байна. Энэхүү зохицуулалт нь төсвийн хөрөнгө оруулалтын давхардал, удаашрал, зардлын өсөлтийг бууруулж, иргэдэд хүрэх үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.