Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх нь эрс нэмэгдсэн гэх мэдээлэл энэ оны долоодугаар сараас эхлэн олон нийтийн сүлжээнд түгэх болсон. Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 8-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баавгай нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Уг хэргийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэхдээ, хэрэг гарсан газарт өндөржүүлсэн бэлэн байдлын горим хэвээр үргэлжилж байгаа гэв.

Мөн Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгожээ.

Тодруулбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан, Төв, Булган, Хэнтий аймаг болон нийслэлийн Байгаль орчны газарт нийт 30 хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна. Эдгээр арга хэмжээг цагдаагийн хяналт дор хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Төв аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт есөн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг цагдаагийн хяналт дор хэрэгжүүлсэн байна.