Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд ямааны годрон өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн шуурхай бүлэг орон нутагт ажиллаж, халдварын голомтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлээр ахлуулсан мэргэжлийн баг аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгаж, 92.7 мянган ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгажээ. Мөн идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган малыг, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байна.
Түүнчлэн аравдугаар сарын 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол ямаанд бүртгэгдээгүй аж.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл Цогт сумын Засаг даргын Тамгын газар, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын төлөөлөлтэй уулзаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль зөрчсөн үйлдэлд авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах талаарх мэдээллийг малчдад шуурхай хүргэхийг сумын мал эмнэлгийн байгууллагуудад үүрэг болгосон байна.








Малын халдварт өвчин тархад буруутай хүн алга уу