Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын (АТГ) үүдэнд мэдээлэл хийж, үйлчлүүлэгчийнх нь нэр төр, алдар хүндэд халдсан байж болзошгүй асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан талаараа мэдээллээ.

Өмгөөлөгчдийн зүгээс Г.Занданшатарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай мэдээлэл сүүлийн хугацаанд удаа дараа цацагдаж байгаа тул холбогдох байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгохоор шийдвэрлэсэн гэв.

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ордуудын газрыг хувийн зорилгоор ашигласан болон хар тамхины сүлжээ бий болгосон гэх агуулгаар мэдээлэл хийсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан ижил төстэй агуулгаар мэдээлэл хийсэн гэж өмгөөлөгчид мэдэгдэв.

Тэдний үзэж буйгаар, албан тушаалын хүрээнд олж авсан мэдээллийг ашиглан Г.Занданшатарын нэр төр, алдар хүндэд халдах оролдлого шат дараатай хийгдэж байгаа аж.

Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийхдээ Г.Занданшатарыг удаа дараа буруутгасан гэж өмгөөлөгчид дурдлаа.

Иймд тэд дээрх асуудлыг шалгуулахаар өргөдөл болон 200 гаруй хуудас материалыг АТГ-т хүргүүлсэн байна. Үүний дараа Г.Занданшатарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан эсэхийг тогтоолгохоор иргэний журмаар шүүхэд хандахаа мэдэгдлээ. Өмгөөлөгчдийн зүгээс холбогдох байгууллагууд асуудлыг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.