УИХ дахь МАН-ын бүлэг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хуралдаж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногт ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй бол өнөөдөр ч мөн адил шалтгаанаар хуралдаж чадсангүй.

УИХ-д 68 гишүүнтэй эрх баригч намын бүлэг ийнхүү дараалан хуралдаагүй нь анхаарал татаж байна. Улс орны өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хэлэлцэх хууль тогтоомж, бодлогын олон сэдэв байгаа энэ үед эрх баригч намын бүлгийн хуралдаан тасалдаж буй нь улс төрийн хүрээнд асуулт дагуулж байна.

Ирц бүрдээгүй шалтгаан болон бүлгийн хуралдаан хэзээ хэвийн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эрх баригч намын хувьд олонхын суудалтай байна гэдэг нь зөвхөн шийдвэр гаргах боломжтой байхыг бус, тэрхүү боломжоо ашиглан улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хариуцлагатай ажиллах үүргийг давхар хүлээж буй хэрэг.

Иргэдийн хувьд аль намын бүлэг хэзээ хуралдах нь бус, харин тэдний амьдралд нөлөөлөх асуудлууд хэрхэн шийдэгдэж байгаа нь чухал. Гэвч асуудал хэлэлцэх ёстой намын бүлэг дараалан хуралдахгүй байгаа нь олон нийтийн зүгээс тайлбар нэхэх үндэслэл болж байна.

68 гишүүнтэй эрх баригч намын бүлэгт хэлэлцэх асуудал үнэхээр алга уу, эсвэл хэлэлцэх асуудлаасаа илүү шийдвэрлэх шаардлагатай дотоод асуудал байна уу? Энэ асуултад МАН-ын бүлгийн удирдлага тодорхой хариулт өгөх цаг болжээ.