Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг, "Маш" гэх газарт малчин А аравдугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайхаар яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн өдрийн 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, аравдугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлжээ.

"Маш" гэдэг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.