АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монголд ирэхдээ ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн. Улмаар уг мэдээлэлтэй холбогдуулан  АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандсан.

 

Уг захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” хэмээн онцлоод Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээсэн байна. Түүнчлэн бага Трампыг  “Lacey Act” гэж нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүсчээ. Уг хуулиар бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог юм. 

 

Тус мэдээллийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодруулжээ. Тэрбээр "Энэ мэдээлэл үнэн. Дональд Трамп Ерөнхийлөгчийн хүү монголд ирж тусгай ан агнасан. Гэхдээ хууль ёсны дагуу ан агнасан шүү. Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" гэсэн байна.