УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх нь "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзсэн юм.

 

Тодруулбал Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болсон. Н.Номтойбаярыг авч үлдсэн долоон гишүүний нэгд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орж байна гэх мэдээлэл цахимд явж буй. Харин тэрбээр энэ талаар  “Ер нь аливаа нэг улстөрч, төрийн албан хаагч ч бай асуудалд холбогдсон бол сайн дураараа шалгуулчих нь зөв байгаа юм.

 

Цаашдынх ажил амьдрал, улстөрийн замналд нь чухал нөлөөтэй. Тиймээс би Н.Номтойбаярын асуудал дээр хуулийн байгууллагаар шалгуулаад нэрээ цэвэрлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаар Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Тэд бол манай нутгийн хүмүүс. Би өөрөө нутаг амьтай хүн. Тэгэхээр надад Н.Номтойбаярыг авч үлдэх шалтгаан, шаардлага байхгүй” гэв.