Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанийн манай талын ТУЗ-ийн талаар мэдээлэл хийж, ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахаар болсныг дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн хугацаанд "Оюутолгой" компанийн манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тай харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай бус байлаа.
Ингэж дүнгэхээс аргагүй байдалд хүрсэн. Тиймээс шалгуурыг өндөр болгосон. Наанадаж, гүний уурхайтай холбоотой мэргэжлийн хүн, төсөл удирдсан хүн байж гэмээнэ Монгол улсыг төлөөлнө. Хоёрт, олон улсын банк санхүүгийн хүн байх ёстой. Олон улсын мэргэшсэн эрхзүйч хүн байх зайлшгүй байх хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанд шалгуур үзүүлэлтийг оруулж ирж, сайдуудын саналыг авч батлана. Олон улсын нийтлэг жишгээр ажлын байрны тодорхойлтыг авна. Нэг жилийн хугацаатай байна. Ажлын хэсэг гарсан байгаа. Одоо байгаа ТУЗ-ийн гишүүдээс ч гэсэн шалгалт авч тэнцэх, тэнцэхгүйг харна гэж ойлгож болно. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явах уу, яах вэ гэдгийг ярилцаж байна.
Ер нь дэлхийн том корпорацитай дэлхийн дүрмээр л ажиллах ёстой. Бид зөвхөн "Рио Тинто" гэдэг компанитай хамтран ажиллах бус, бусад хувьцаа эзэмшигчтэй ижил тэгш харьцах ёстой. Энэ бол бидний барьж байгаа стратегийн нэг зорилт гэж хэлж болно. Мөн Монголын талын ногдол ашгийг хэрхэн наашлуулах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байна. Маш олон баримтаар баталгаажсан маргаан гарвал Арбитрын шүүх дээр очно. Иймд бид хэлцэл хийхээс өөр гарцгүй. Ингэхийн тулд бид санхүүгийн удирдлагын менежментийн зардал, гаалийн татвар зэрэг нарийн асуудал руу орно. Энийг төлөвлөгөөний дагуу яриад хэлэлцээд явна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!