Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсчээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ талаар дам сураг сонссон. Ямар нэгэн харилцаа холбоогүй байдаг болохоор надад баттай мэдээлэл алга” гэсэн бол ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа мэдээлэх үеэрээ үнэн хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Ч.Сайханбилэг гадаадын улсаас иргэншил хүссэн юм билээ. Тэр тухайгаа холбогдох албаныханд болон Элчин сайдын яамандаа мэдэгдсэн гэсэн. Ер нь Сайханбилэг эх орондоо ирээд хуулийн байгууллагадаа байцаагдчих хэрэгтэй. Ингэж зугтаах шаардлага байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол улсын эдлэх давуу эрхийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгсний хариуцлагаа хүлээх ёстой” гэв.
Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр хууль зөрчин ХХБ-д зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Гэвч тэрбээр шалгагдах хугацаандаа гадаадад оргон зугтаасан. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч АНУ-д амьдарч байгаа, ОУ-ын алдартай хуулийн байгууллага хөлсөлсөн гэх мэдээлэл нь цацагдсан билээ. Тэгэхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас иргэншил хүссэн байж магадгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!