"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Монголын зэс корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон, цагдан хорих саналаа Нийслэлийн прокуророор дамжуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг нь шүүх энэ сарын 21-ний өдөр тус саналыг хэлэлцсэн нь өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсаны улмаас хурал хойшилсон. Улмаар өнөөдөр цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцэж, мөн л хойшилсон юм. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа. Тус хэрэгт Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг холбогдуулж байгаа. Тэдний нэг нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон. Гэвч О.Орхон өдгөө Монголд байхгүй аж. Тэрбээр энэ сарын 8-ны өдөр албан ажлаар хилийн дээс алхжээ. Түүнийг Хонгконг руу шууд нислэгээр явсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр хууль хяналтынхан  Монголд байхгүй хүнийг баривчлахаар шүүхэд санал хүргүүлээд байгаа бололтой.