-Төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтаас татгалзаж, цэвэр эдийн засгийн үр өгөөжийг нь тооцох хэрэгтэй-
Эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөр болон бизнесийн орчны өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулан MҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын дараах бизнесийн цоо шинэ үе хүлээгдэж байна. Энэ үед л Засгийн газар аж ахуйн нэгжүүдээ жинтэй дэмжчих юм бол бодит үр дүн гарна” гэв. Оны өмнө олон нийтэд танилцуулсан МҮХАҮТ болон МУИС-ийн хамтран хийсэн “Бизнесийн орчин”-ын судалгаагаар, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг тулгарч буй бэрхшээл нь зээлийн хүү, эргэлтийн хөрөнгө, түүний олдоц байсан билээ.
-Эдийн засгийг сэргээх 10 их наяд цогц хөтөлбөр олны анхаарал хамгийн их татаж байна. Гэвч уг хөтөлбөрийн санхүүжилт тодорхой бус, ойлгомжгүй хэвээр байгаа. 2020 онд манай улсын ДНБ 5.3 хувиар буурсан, тэр хэрээр ажлын байр хумигдаж, эдийн засаг хүндрэлд орлоо. Ийм нөхцөл байдал руу бид орохгүй байх боломж байсан уу?
-2020 оны хоёрдугаар сард дэлхий дахинд “Ковид-19” тархсанаас улбаалан МҮХАҮТ маш олон судалгаа хийсэн. Судалгаа хийхтэй зэрэгцүүлээд гаднын томоохон байгууллагуудын судалгаа, гаргасан дүгнэлт, таамаглалыг аж ахуйн нэгжүүдэд, төр засагт давхар хүргэсэн. 2020 оны тавдугаар сард Маккензи инстутици нэг төрлийн таамаглал дэвшүүлсэн. Энэ нь улс орнуудыг эрүүл мэнддээ хандуулж буй анхаарал, эдийн засагтаа оруулж буй дэмжлэгийн матриц байсан. Тэр үед эрүүл мэнд хийгээд эдийн засагтаа хамгийн зөв анхаарч буй улс нь БНХАУ байсан. АНУ эдийн засагтаа хэт анхаараад, эрүүл мэндээ орхичихсон гэх мэдээлэл гарч байсан. Тиймээс БНХАУ хамгийн зөв менежменттэй юм байна, Хятадын эдийн засаг эргээд маш хурдан сэргэх юм байна гэсэн таамаглал эндээс гаргаж байсан. 2020 онд их гүрнүүдээс эдийн засгийн өсөлттэй нь өмнөд хөрш байна. Харин манай улсын хувьд эсрэгээрээ эрүүл мэндээ анхаараад, эдийн засгаа орхисон. Үүний сөрөг нөлөө одоо илэрч байна. 2020 онд УИХ-ын сонгууль таарсан нь давхар нэрмээс болсон. Эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч анхаарах боломж байсан уу гэвэл тийм.
-Танхимын зүгээс Засгийн газарт эдийн засаг, бизнесийн орчны эрсдэлийг хаасан санал удаа дараа хүргүүлж байсныг хэвлэлүүд мэдээлж байсан. Та бүхний санал хэр биеллээ олсон бэ, ажил болоогүй үлдсэн нь ч бий байх?
-Бидний хувьд эхлээд иргэдийн орлогыг хамгаалахад, дараа нь аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хэвээр авч үлдэх, үйл ажиллагаагаа зогсоох хүртэл нь туйлдуулахгүй байхад анхаарах шаардлагатай байгааг маш тодорхой тооцоо, судалгааны үндэслэлтэй хэлж байсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь банкны зээл, хүүгийн асуудал. Манай банкуудын зээлийн хүү дунджаар 18-25 хувь, үүнээс ч өндөр байдаг нь бизнес эрхлэхэд хүнд дарамт болдог. Үүний дараа ажлын байрны түрээс, цалингийн зардал ордог. Төр засагт үүнд л эдийн засгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг маш олон удаа хэлсэн. Эдийн засгийн эрсдэлийг бууруулах багц санал, төлөвлөгөөг хүргүүлж байсан. Эдгээрээс шат дараатай авч хэрэгжүүлсэн олон зүйл бий. Ялангуяа нийгмийн даатгалыг хөнгөлөх, чөлөөлөх, зарим гол нэрийн барааг татвараас чөлөөлөх, оны сүүлээр дулаан цахилгааны үнийг бууруулах санал гаргасныг хэрэгжүүлсэн. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хүсээд байсан чухал хоёр зүйлийг үлдээчихсэн. Энэ нь нэгдүгээрт, ажлын байрыг хамгаалж, хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, банкны зээлийн асуудал байв. Харин одоо хэрэгжүүлэхээр ярьж буй 10 их наяд хөтөлбөр үлдсэн байсан асуудлыг шийдэхэд ихээхэн дэмжлэг болох байх гэж харж байна.
-10 их наяд хөтөлбөрийн хүрээнд төв банкны үнэт цаасанд байршсан арилжааны банкуудын найман их наядыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ажлын байраа хамгаалах, эдийн засгийг эргэн сэргээх хувилбар яригдаж байна. Татвар болон нийгмийн даатгалд санхүүжилт хүсэх аж ахуйн нэгж өргүй, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлага мөн хамт яваа. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь энэ босгыг давах эсэх эргэлзээтэй байна.
-Үндсэндээ 2020 оны турш арилжааны банкуудын зээлийн гаралт маш их хумигдсан. Нэг их наяд төгрөгөөр хумигдсан. Маш том тоо. Банкуудын зээл хумигдаж, дөрвөн аж ахуйн нэгж байгууллага зээл хүсэхэд нэгт нь л нэмэлт зээл олгох жишээтэй. Ингээд хувийн хэвшлийнхэн эргэлтийн хөрөнгөгүй болж, бэлэн мөнгөний хомсдолд орсон. Зээл хүсэх аж ахуйн нэгжүүдэд тавих босго, шаардлагаа эргэж харах, илүү нөхцөл байдлыг харгалзан үзэх, уян хатан хандах талаар бол бидний зүгээс бүхий л шатанд ярьж, хэлж ирсэн. Засгийн газрын түвшинд харин үүнийг хөндөж, Банкны холбоотой уулзах үеэр хоёр тал ярилцаж, нааштай үр дүнд хүрч байна гэж ойлголоо. Гэхдээ тодорхой бус зүйл 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд их байгаа. Үүнийг цаашид илүү тодорхой болгоход бид анхаарч ажиллана. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд танхимын зүгээс хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хөрөнгө санхүү нэн шаардлагатай байгаа ажил олгогчдод энэ хөтөлбөр хүрээсэй гэж харж байна. Үүний төлөө бид ажиллана. Нөөц боломж, хөрөнгө мөнгө хязгаарлагдмал. Тиймээс 10 их наяд хөтөлбөрийг улс төрийн үзэмжээр бус эдийн засгаа бодсон, иргэдээ анхаарсан, эх оронч хандлагаар төр засаг, түүний дунд шатны байгууллага дэмжиж оролцох болов уу гэж итгэж байгаа.
-Засгийн газар энэ оны төсвөө тодотгох бодолгүй байх шиг байна. Сангийн сайд төсөв тодотгох хэмжээнд асуудал хүндэрч, нөхцөл байдал муудсан юм алга байна гэж хэлж байсан. Танхим бол төсвөө тодотго, эдийн засгийн үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танах, харин ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг тэлэх, валют авчрах төслүүдийг түлхүү дэмжих ёстой гэж оны өмнө мэдэгдсэн байсан. Энэ зарчим дээрээ одоо ч гэсэн хэвээрээ байгаа юу?
-Өнгөрсөн жил УИХ-ын даргад төсвийг яаралтай тодотгох шаардлагатай гэдгийг удаа дараа хэлж байлаа. Төсвийн тодотголоос хоёр их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгох, 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүүг хөнгөлөх, татаас үзүүлэх шийдэл гаргаач хэмээн хүсэлт тавьсан. Ингэвэл аж ахуйн нэгжүүд хямралыг өлхөн даваад гарчих байлаа шүү дээ. Засгийн газар 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэгжүүлэх хуваарь алга. Яг хэзээ, хэдийд гэдэг нь тодорхойгүй байна. Түүнээсээ хоёр их наяд төгрөгийн аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээлнэ гэсэн ч мөн л тодорхой хугацаа алга. Нэг жил, эсвэл гурван жил үргэлжлүүлэх үү гэдэг нь хүртэл тодорхойгүй байна. 2021 ондоо зээл олгоод дуусгачих юм уу, алиныг ч зарлаагүй. Хүлээлтийг харж байхад энэ оны эхний улиралд дэлхий нийтийн хэмжээнд цар тахал намжиж, улс орнууд хилээ нээнэ хэмээн ярьж байсан. Өөрөөр хэлбэл, улс орнууд коронавирусийн эсрэг вакцинд иргэдээ бүрэн хамруулна хэмээн тооцож байна. Цар тахлын дараах бизнесийн цоо шинэ үе хүлээгдэж байна. Энэ үед л Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ жинтэй дэмжчих юм бол бодитой үр дүн гарна.
-Засгийн газрын тооцооллоор яаралтай арга хэмжээ авахгүй бол 130 орчим мянган хүн ажилгүй болохоор байгаа. Одоо үүний тал нь аль хэдийнэ ажилгүй байна. Цаг хугацаатай уралдах ёстой гэж ойлголоо. 10 их наядын хуваарилалт танд ямар санагдаж байгаа вэ?
-Салбарын хувьд их тодорхой хэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт хоёр их наяд, барилгын салбарынханд гурван их наяд төгрөгийн зээл олгоно гэсэн. Тиймээс аль болох цаг алдалгүй, нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал эдийн засаг хурдан сэргэнэ. 30 орчим мянган компанийн үйл ажиллагаа зогссон, дампуурсан. Статистикийн мэдээгээр 68 мянган хүн ажилгүй болсон хэмээн засаг хэлж байна. Бидний тооцооллоор 400 мянган хүн сүүлийн хоёр, гурван сар орлогогүй болсон. Дээрээс нь хүнс, эм гээд үндсэн 10 салбараас бусад аж ахуйн нэгжүүд 100 хоног ажиллаагүй. Эдгээр аж ахуйн нэгжийг хэвийн хэмжээнд авчрахын тулд нэмэлт эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл олгох, төр зээлийн батлан даалтын үүрэг гүйцэтгэх нь ажлын байрыг сэргээх, дахин хямралд өртөхөөс сэргийлэх гээд дам үүрэг ихтэй. Бүх компанийн хүсэж буй зээлийг олгох, боломж бололцоо байхгүй.
Нэн тэргүүнд шаардлагатай, улс орны эдийн засагт хэрэгтэй олон, олон ажлын байр бий болгох, ач холбогдолтой зүйлээ дэмжих нь зүйтэй. Шалгуураа банк өөрөө тогтоох байх. Бүтцийн хувьд анзаараад байхад аж ахуйн нэгжүүдийн 73 хувь нь зээлтэй. Тиймээс зээлийн дахин санхүүжилт өгөх болов уу гэж харж байна. Төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтаас татгалзаж, цэвэр эдийн засгийн үр өгөөжийг нь тооцох хэрэгтэй. 10 их наядыг яаж эдийн засагтаа зөв шингээх үү, төгрөгийн ханшийн уналтыг сааруулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх, инфляц болон үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулахад Монголбанк, Сангийн яам ижил түвшинд оролцох байх. Нэг талаараа эдийн засгаа сэргээх гээд байгаа боловч нөгөө талд бид энэ хөтөлбөрийг хянуур, тоо судалгаатай хэрэгжүүлэхгүй бол нөхцөл байдлыг улам дордуулж ч мэдэх эрсдэлтэй. Гэхдээ цаг хугацаатай бид уралдахаас аргагүй. Алгуурлах хооронд нэг аж ахуйн нэгж хаалгаа барих, эсвэл хүмүүс ажилгүй болох ийм эрсдэл өнөөдөр хэвээрээ байгаа. Үүнийг санаж ажиллахаас өөр сонголтгүй.
Жанкуугын Уяаны нохой.
Эзэндээ хүрээсэй, энэ чухал байна