Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд амиа алдсан дөрвөн хүүхэдтэй холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр  нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Прокурор руу хэргийг буцаалаа. Шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Тодруулбал,  шүүх тус хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021.03.02-ны өдөр товлосон боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас уг хэргийн хяналтын прокурор сургалттай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2021.03.10-ны өдөр хүртэл хойшлуулжээ. 

2021.03.10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч шинээр Ш.Төгсгэрэл өмгөөлөгчийг авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2021-03-18-ны өдрийг хүртэл хойшлуулсан, 2021.03.18-ны өдрийн шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд өөрийн биеэр орно, одоогоор хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2021.03.29-ний өдрийг хүртэл тус тус хойшлуулжээ.

Улмаар 2021.03.29-ний өдрийн 14 цагт зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй,

 яллагдагчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 /хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан/-т зааснаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан байна.