УИХ дахь АН-ын гишүүд өнөөдөр үдээс хойшоос эхлэн Төв талбай дээр өлсгөлөн зарлахаар болсон. Гэвч цагдаагийн байгууллага талбай руу майхан, гэр цаашлаад ямар нэг эд авч орохыг хориглон гишүүдтэй багагүй зөрчилдсөн. 

НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат  энэ талаар тайлбар өглөө.

Тэрбээр  "Хорио цээрийн дэглэм тогтоох гэж цагдаагийн байгууллагын алба хаагчид нойр хоолгүй зүтгэж байна. Яг одоо бол эрсдэлтэй нөхцөл байдал.  Өдөр болгон 1000 дээш хүн коронавирусний халдвар авч, зарим нь нас  барж байна. Аливаа улс төрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээний дагагчидтай байдаг. Тиймээс хариуцлагатайгаар мэдэгдэхэд Төв талбайд ямар нэгэн жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн зохион байгуулахыг хориглоно. Ийм хуулийн зохицуулалт ч бий. Түүгээр ч барахгүй жагсаал цуглаан хийх журмын 8 зүйлийн 5-т "Улс орны хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоно" гэж заасан байдаг. Тиймээс бид хууль тогтоомжийг мөрдүүлж байна. УИХ дахь АН-ын гишүүдэд цагдаагийн байгууллагаас шаардлага өгсөн.  Хэрэв шаардлагатай гэвэл албадан зогсооно, хариуцлага хүлээлгэнэ. Монгол улсын хууль тогтоомж бүх иргэнд эрх тэгш үйлчилнэ. Бусдаас давсан эрх гэж байдаггүй. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд давуу байдал олгодог хууль тогтоомж манай улсад байхгүй.

УИХ-ын гишүүд гэдэг бол хууль тогтоогчид. Тиймээс нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөөл үзүүлж байгаа үйлдэлээ таслан зогсоох болов уу гэж найдаж байна" гэлээ.