44 настай, архаг хууч өвчингүй байсан хөхүүл эмэгтэй коронавирусний эсрэг вакцин хийлгэснийхээ маргааш нь гэнэт нас барсан талаар талийгаач эмэгтэйн охин Ш.Нандиндулам цахим сүлжээнд нийтэлсэн. 

Тэрбээр " Ээж минь 2021 оны 5 сарын 9-нд Хятад вакцины 1-р тунгаа хийлгээд маргааш нь буюу 5 сарын 10ны 21 цаг 40 минутаас 22 цагийн хооронд 44 насандаа тэнгэрт халилаа. Ээж минь нялх биетэй (1сартай) хууч өвчин огт байхгүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд нэг сар болсон бол хийлгэж болно гэсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүү болон биднийгээ орхин одлоо.

Тиймээс бидний хувьд маш их гомдолтой байнаа. Тэр том дарга сайд нарт нь хүртэл дэмжээд шэйрлээд өгөөрэй" гэсэн юм. 

Ш.Нандиндулам мөн энэ талаар "Ээж вакцинаа хийлгэсний дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Царай зүс нь ч сайхан байсан. Гэхдээ ээж маань их гүргэр хүн. Эмээгийн санааг зовоочихно гэж бодоод тэвчсэн ч байж магадгүй. Ээжийн даралт өндөр байдаг болохоор эм уудаг байсан. Гэвч вакцин хийж байгаа эмч нар даралтыг нь үзээгүй гэсэн. Ээж нас барахынхаа өмнө дүүг хөхүүлж байгаад бие засчихаад ирье гээд гарсан. Удаад байхаар нь гараад харсан чинь гадаа уначихсан байсан. Дүү маань 1 сар 12 хоногтой. Манай гэр бүлийнхэнд үнэхээр хүнд байна. Арай хийж л тэсэж байна"  хэмээн ярьжээ.