Хүнд хэлбэрийн хорт хавдартай Э.Ананд хүү хагалгаандаа орохоор өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Тэд очингуутаа 14 хоног тусгаарлагдах бөгөөд 15 дахь хоног дээрээ шинжилгээгээ өгч эхлэх юм байна.
Энэ талаар Э.Анандын ээж Ц.Даваа "Юуны өмнө монголынхоо ард түмэнд маш их талархаж, баярлаж байна. Миний монголын ард түмэн нэгдэхээрээ яаж нэгддэг вэ, ямар их халуун дулаан сэтгэлтэй, сайхан ард түмэн юм бэ гэдгийг дахин дахин мэдэрч байна. Баярлалаа гэдэг үг үнэхээр багадаж байна. Харин энэ их сайхан сэтгэлийн хариуд хүүгээ бүрэн эдгээж, ирэхийг л хүсэж байна. Хүүд минь гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг монголчууд, Өвөрмонголчууд гээд л монгол гэх сэтгэлтэй бүх хүн тусаллаа. Тиймдээ ч бид хэдхэн хоногийн дотор хагалгааны өмнөх шинжилгээ болоод хагалгааны зардалтай боллоо.

Өчигдөр гэхэд Англи улсад суугаа монголчуудаас 5 сая төгрөгийн хандив өргөсөн. Хандив цуглуулж эхэлснээс нийт 398 сая 164 мянган төгрөг цугларсан. Найман настай балчираас наян настай буурал хүртэл тусласны хүчинд бид 2 өнөөдөр БНСУ руу явах гээд байж байна. Бид 2 очоод 14 хоногийн тусгаарлалтад орно. 15 дахь хоногоос шинжилгээнүүдээ өгч эхэлнэ. Ганц асуудал байгаа нь хамт явахаар төлөвлөж байсан ахын маань виз гарсангүй. Хэрвээ шийдвэр гаргагчид энэ мэдээллийг үзэж байгаа бол энэ тал дээр туслаад өгөөрэй гэж хүсэх байна" гэлээ.
Харин Э.Ананд хүү "Монголынхоо ард түмэнд бүгдэд нь маш их баярлалаа" гэж дамжууллаа.
Эрүүл саруул болоод эх орондоо түргэн ирээрэй
Huud amjilt husej eruul enh bolood ireerei