"Үндэсний их баяр наадмын тухай хууль"-ийг шинэчлэн найруулан батлахтай холбогдуулан АНУ, Солонгос, Европ нийт 46 оронд амьдран суугаа Монголчуудын холбоог нэгтгэсэн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжавт дээрх хуулийн төсөлд өөрсдийн саналыг оруулах хүсэлтээр хандлаа. 

Уулзалтын үеэр ХЧДМЗ-ийн Спорт, залуучуудийн хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан:  

- БНСУ, Европ, АНУ дахь Монголчуудын холбоодууд нь хилийн чанадад амьдардаг 220,000 орчим иргэдийг нэгтгэсэн ТББ. Үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсч, хүмүүжиж байгаа олон мянган хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүрийн Улсын баяр наадмыг тухайн орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудынхаа дунд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. 

Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтран зохион байгуулж ирсэн уг наадамд улс, аймаг, сум, цэргийн цолтой 128-256 бөх зодоглодог. Энэхүү наадамд зодоглодог улс, аймаг, сумын цолтой бөхчүүийн нь манай зарим аймгуудын наадмаас илүү байдгийг анхааран үзэж, дээрх улсуудад зохион байгуулагддаг 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цол олгох, цолыг нь  тухайн оронд суух Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлдөө оруулахыг хүсэж байна. Үндэсний  бөхийн нэр хүндийг хамгийн ихээр унагаж байгаа допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурь баримтлан ажиллаж байгаад талархан Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтойг дуулгалаа. 

МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав:

- Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань өв соёлоо сурталчилж, хойч үедээ таниулах, өвлүүлэхээр хичээж байдагт талархаж байдаг. Та бүхний саналыг МҮБХ-ноос боловсруулж байгаа хуулийн төсөлдөө оруулж хэлэлцүүлэх асуудлыг тавья. Хуулийн төслийг манай холбооноос гадна ХЗДХЯам боловсруулж байгаа. Иймд та бүхэн өв соёл, уламжлал, тухайн оронд амьдарч байгаа олон мянган иргэдийн эрх ашиг, санал хүсэлт гэдэг талаас нь Соёлын Яам, Гадаад Харилцааны Яамдуудаар дамжуулж ХЗДХЯ-ны хуулийн төсөл боловсруулагчдад бас санал хүргүүлэх нь зөв болов уу гэж үзэж байна. Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа гэлээ.