МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн. Гэвч Н.Түвшинбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, тамгаа аваад зугтжээ. 

Энэ талаар Гавьяат тамирчин Д.Отгондалай:

- МҮОХ дээр үүсээд байгаа нөхцөл байдалд Тамирчдын комиссын даргын хувьд эмзэглэж байна. Саяхан Засгийн газраас олимпийн наадамд оролцох тамирчид, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг дэмжиж, сарын цалинг нь 1,5 сая болгож нэмэгдүүлсэн. Гэвч яг энэ цаг үетэй зэрэгцээд МҮОХ-ны Ерөнхийлөгч ёс зүйгүй асуудал гаргасанд харамсаж байна. Тамирчид Олимпийн наадам дөрвөн жилийн турш бэлдэж, Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө оролцдог.  Гэтэл МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын үйлдлээс болж, цагаан тугийн дор буюу ОУОХ -ны тугийн оролцож болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул дуу хоолой өргөж байна. 

- "Токио -2021" олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-нд хөшигөө нээнэ. Өнөөдрийн байдлаар манай улс олимпийн 40 гаруй эрх авчихаад байна. Одоогоор эрх авах тэмцээнүүд үргэлжилж байгаа тул олимпийн эрх нэмэгдэх боломжтой. 


МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн н.Амаржаргал:

- Хэрэг явдал болсны дараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, Ч.Наранбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь өөрийнх нь эзгүйд шийдвэр гаргахыг хүсээгүй. ОУОХ руу хууль хяналтын байгууллага шийдвэр гаргахыг хүлээж байгаа талаараа удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Н.Түвшинбаяр өнгөрсөн хугацаанд удахгүй батлан даалтад гараад Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа оролцоод албан ёсоор хүсэлтээ өгнө хэмээн мэдэгдэж байсан.  

Гэвч батлан даалтад гарсныхаа дараа Гүйцэтгэх зөвлөлийнхөө хуралд суугаагүй. Аль болох дотооддоо асуудлаа шийдэхийг хүссэн боловч нөхцөл байдал хүндэрчихлээ.