Эрүүл мэндийн яамнаас коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: 

- Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод илэрч байгаа коронавирусний нийт сорьцны 10 хувьд дельта илэрч байгаа талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 30 хувь болж нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт коронавирусний дельта хувилбар нэмэгдсээр байна. Тухайлбал Баян-Өлгий аймагт нийт сорьцны 80 хувь, Ховд 55, Говьсүмбэр- 43, Завхан 70 хувьд нь дельта хувилбар илэрч байна. Өөрөөр хэлбэл манай улсад коронавирусний дельта хувилбар эрчимтэй нэмэгдэж байна. Цаашид энэ хувь нэмэгдэнэ. Тооцоолж байгаагаар  ирэх 9 дүгээр сарын дундуур эрс нэмэгдэнэ.   Дельта хувилбар нь хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Эмнэлэгт хэвтэх магадлал 2,2 дахин нэмэгдүүлж,  4 дахин эрчтэй тархаж байна.