Архангайн аймгийн АН-ын дарга асан М.Батжаргал хэмээх улсын цолтой бөх аймгийн МАН-ын дарга Б.Цэрэннадмидтай төрөл садны ах дүүс. Энэ хоёр тал талаасаа алтны бизнес эрхэлдэг намынхаа гишүүдийг урвуулж байгаад аймгийн Засаг даргаа огцруулах “жүжиг” тавиад удаж байна. Тэр бүү хэл М.Батжаргалыгаа Засаг даргад дэвшүүлэхээр улайрлаа.

Үүний цаана “Алтны хорлол” бий гэх. 

Учир нь, Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр, тус аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга асан Ж.Эрдэнэцогт, аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан нар буюу МАН-ынхан Шоронгийн амны алтанд шунаж, аймгийн ИТХ хуралдаагүй байхад, “газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудал хэлэлцсэн мэтээр хуурамч тогтоол үйлдэж, Ц.Мөнхнасан нь 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тухайн тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж Цэнхэр сумын нутаг “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га газарт бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж "аавынд орох" болзлоо хангаж байв.


Тэр үед (одоогийн аймгийн МАН-ын дарга) аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан  Б.Цэрэннадмид “БМНС” ХХК-тай хамтарч, хууль бус зөвшөөрөл олгож,  алт ухах ажлыг зохион байгуулсаныг хуулийнхан хэлдэг.

Тухайн үед тус гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, дээрх гэмт хэрэг нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил” өнгөрсөн нь хэргийн хянан хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэж байжээ. 2020 онд Архангай аймгийн МАН сонгуульд ялагдсанаар Шоронгийн амны алтанд  шунасан МАН-ынхны санаархал хэсэгтээ дарагдаад байв.  

Гэтэл сүүлийн үе Архангайн алтны мафи дахин амь орж, АН-ын Засаг даргыг хууль бусаар ч хамаагүй огцруулах, түүнийг нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд Ерөнхий сайдаар батлуулах, улмаар Шоронгийн амны алтыг ухаж авахаар улайрч эхэлжээ.

Тодруулбал, МАН дарга Б.Цэрэннадмид үер усны аюулаас нурсан гүүрийг засварлах ажлыг зохион байгуулж буй нэрийдлээр алт ухах бэлтгэлээ базааж эхэлснийг нутгийн иргэд аймгийн цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчин, экологийн цагдаад мэдэгдсэн ч хайхрах хүнгүй байгаа аж. Учир нь, Архангайн алтны мафийнхан “МАНайхан төрийн бүх эрхэнд засаглаж байгаа. Аятайхан байгаарай” хэмээн дарамтлсан гэх.

Ийнхүү ах дүүсээрээ нам болгонд шургалж, хувийн бизнесээ хөгжүүлдэг бүлэглэлүүд дэндүү олон болжээ. Архангайн Булган сумын уугуул ах дүүс М.Батжаргал, Б.Цэрэннадмид нарын “Алтны мафи” төрсөн нутагаа ухаж төнхөхөөр дахин айсуй.