Сар гаруйн өмнө татан буугдах дээрээ тулж байсан "Уулын фитнес" шинэ тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд өнгөрсөн жил байгуулагдсан уг фитнес нь спортоор хичээллэдэг олон залуусын талархал хүлээгээд байсан ч дүүргийн зүгээс уг газрыг хаах болсон талаараа мэдээлсэн. Ингэхдээ тус газарт хүүхэд залуус олноор цугларч, архидан согтуурч байна гэсэн шалтгаанаар хаах шийдвэр гаргасан юм.

Гэвч шийдвэр гарсантай холбогдуулан олон залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бялдаржуулах төвүүдийг хаасан. Тиймээс залуус цэвэр агаарт байрлах уг фитнесийг олноороо зорьдог байсан төдийгүй “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчид хүртэл энд хүчний бэлтгэл хийдэг байжээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө залуусын хүсэлтийг хүлээн авч, фитнесийг татан буулгахгүй, тохижуулж, харуул хамгаалалттай болгож ажиллуулах чиглэлийг энэ сарын эхэнд хариуцагчдад нь өгсөн. Тэгвэл тэрбээр өнөөдөр уг фитнесст шинэ тоног төхөөрөмж авч суурилуулсан байна. 

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Дүүргээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгчийн хувиар ажлынхаа хажуугаар уулын Fitness-н залуусаа дэмжээд хувиасаа хэдэн шинэ төхөөрөмж цэвэр агаарт аваачин байрлуулсан байгаа. Залуус маань их баяртай байна лээ. Харуул хамгаалалт ,тог цахилгаан гээд шийдэгдэх асуудлууд нь судалгааны явцад явж байна" гэсэн байна.