“Ийгл” телевизийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгийн  байр суурийг хүргэе.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгааны талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнгээс танилцуулна уу?

Б.Одсүрэн: -Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн судалгаа хийж, түгжрэлийг тал талаас харахыг хичээж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд төр захиргааны байгууллагууд, худалдааны төвүүд, оффисууд,  дээрээс нь үзвэр, үйлчилгээний төвүүд гэхчлэн ажлын байрны ихэнх нь байрлаж байна. Ажлын байр руугаа хотын захаас ирдэг урсгал, хотын төв дотроо зорчдог хөдөлгөөн ч их. Хоёр дахь томоохон шалтгаан бол хичээл, сургууль эхлэх хугацаа юм. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хамран тойрох хүрээ, сайн сургууль, цэцэрлэгийн эрэл гэхчлэн сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудал их байна. 

Нийтдээ 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн судалгаа гарсан. Хамран сургах  тойрог буюу гэрийнх нь ойр орчимд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн зэрэгцээ дээр хэлсэнчлэн сайн сургалттайг нь сонгох гэсэн эцэг эхчүүдийн сонирхлоос үүдэлтэйгээр ачаалал үүсэж байна. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газраас олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түгжрэлийн удаах нэгэн том шалтгаан бол хэт машинжилт. Авто замын шинэчлэлт, өргөжүүлэлт нь автомашиныхаа өсөж буй хурдыг гүйцэхгүй байна. Бусад улс оронд машины өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс зам барьж байгуулах хурд өндөр байдаг. Мөн замтай холбоотой норм, дүрэм, стандартыг эргэж харах шаардлагатай. Уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай нь судалгаанаас харагдаж байгаа

. Улаанбаатар хотын замын түгжрэлээс болж 900  сая гаруй ам.долларын шууд болон шууд бус хохирол амсаж буй гэсэн тооцоо гарсан. Шууд өртгөөр 100 сая орчим ам.доллар нь шатахуун болон түгжрэлд шатдаг байх жишээтэй. Шууд бус хохирол 800 сая шахам ам.доллар бөгөөд энэ бүхэн ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа. Энэ байдлаар үргэлжилбэл ойрын үед ДНБ-ий 18 хувь руу дөхнө. Автомашины дундаж хурд найман  км цаг байна. Цаашид явган хүний хурдтай адил болно гэсэн динамик гарч байгаа.

-Олон улсын хэмжээнд найман км/ц-ийн хурдыг тэг зогсолт гэж үздэг гэсэн үү?

-Олон улсын хэмжээнд оргил ачаалалтай үед 20 км/ц руу ороход түгжрэлтэй байна гэж тооцож байгаа. Манайх найман км/ц. Тиймээс Улаанбаатар түгжрэлтэй хотыг тэргүүлж байгаа гэж хэлж болно.

-Импортоор орж ирж буй автомашинуудын тоо болоод авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

Б.Одсүрэн: -Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто зам ердөө 18 хувиар нэмэгдсэн байдаг. Гэтэл автомашины тоо 2.8 дахин өссөн. Өрхөөр тооцвол нэг өрхөд 1.5 машин ногдож байна. Гэтэл Улаанбаатар хотын замын сүлжээнд  дорвитой шинэчлэл хийгдээгүй. Яармаг, Налайхын зам гэх мэт хуучирсан, эвдэрсэн замаа шинэчилж, засах ажлыг бол хийсэн. Ялангуяа хөдөлгөөний ачаалал ихтэй “артерийн замууд”-д нэмэгдээгүй. Хойшид шинээр зам тавихдаа үр өгөөжийг нь тооцож, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй байна. Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг хүрэх босоо тэнхлэг хамгийн их ачаалалтай байгаа. Тиймээс юун түрүүн замын хэвтээ тэнхлэгийг дөрвөн чиглэлээр өргөжүүлэхээр ярьж байна. Ингэснээр нийтийн тээврийн хурдтай, тасралтгүй үйлчлэх боломж нээгдэнэ.

-Хичээлийн шинэ жил, томоохон баяр ёслолоор авто замд тэг зогсолт бий болдог. Энэ жилийн ид ачаалал эхлэх гэж байна. Яг одоо ямар арга хэмжээ авах вэ?

Б.Одсүрэн: -Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 5:9 гэсэн шинэ системээр хичээллэхээр болсон. Өөрөөр хэлбэл, таван өдөр танхимаар, есөн өдөр гэрээр хичээллэнэ. Нөгөөтээгүүр, БШУЯ-наас зарим сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэхээр судалж байгаа. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын бүх сургууль, албан газар, худалдааны төвүүд, бизнесийн байгууллагууд  нэг цагт нээж, хааж байгаа нь оргил цагийг үүсгэж байгаа. Өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагт  ачаалалт хэт өсөж, тэг зогсолт үүсдэг. Тиймээс уян цагийн зохицуулалт хийнэ. Ер нь цаашид төрийн албан хаагчдыг долоо хоногтоо нэг өдөр онлайн байдлаар ажиллах зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд санал болгосон. Худалдааны төвүүдэд даваа, баасан гаригт ачаалалтай байдаг. Зорчигчдын 50 хувь нь машинаа өглөө унаж очоод, өдөржин зогсоолд тавиад өнждөг. Тиймээс тэднийг нийтийн тээврээр зорчдог болгох урамшууллын хөшүүргийг хэрэглэх юм.

Манай хот явган зорчигч, дугуйгаар зорчигчид, өндөр настнууд, хүүхэдтэй хүмүүст ээлтэй байж чадахгүй байгаа. Тиймээс эдгээр хүмүүст ээлтэй байхаар хөгжүүлэх шаардлагатай. Стандартын зогсоолуудтай болох, зогсоолуудаа төлбөржүүлэх, зарим зам, гудамжийг автомашингүй болгох гэхчлэн хийх ажил их байна.