Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан "Андлалын өргөө"-г өнөөдөр нураасан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ийн яамнаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан: 

 - Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтийн аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой бүтээн байгуулалтууд дөрвөн суманд 2018 оноос хойш хийсэн. Үүний нэг нь Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан Андлалын өргөө. 

Энэ бүтээн байгуулалтын төслийг уран барималч УГЗ Д.Эрдэмбилэг гуай зохиож, БОАЖЯ, тухайн ажлыг гүйцэтгэгч Хос санаа компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг гуай хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан. 

Улмаар оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж, оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс Хос санаа компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан. Мөн талийгаачийн гэр бүлээс БОАЖЯ-нд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Өнөөдөр Хос санаа компани улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг  буцаан төвлөрүүлсэн" гэлээ.