Булган аймгийн Сайхан сумын 6-р багийн Ганцын даваанаас 135 ширхэг тарвагыг хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлжээ. Тодруулбал, тус суманд ЗДТГ-ын Байгаль эргүүл шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байх үеэрээ хориотой ан болох 135 ширхэг тарвагыг илрүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.

/Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/ 
Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.