“Токио-2020" паралимпын наадамд оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тус наадмын Пауэрлифтингийн 107 кг-д алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлсэн билээ.

Э.Содномпилжээ: 

- Төр засагтаа, Сүлд спорт хорооныхондоо, дасгалжуулагчдаа, Үндэсний шигшээ багийнхандаа юуны түрүүнд баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэмцээнд явахынхаа өмнө сэтгэлзүйгээ сайн бэлдэж байсан. Гэвч өнгөрсөн зургадугаар сард коронавирусний халдвар авсны улмаас бэлтгэл суларсан. Өөрийн эрхгүй хүч унадаг юм билээ. Богино хугацаанд 251 кг өргөнө гэж зориод бэлтгэлээ хийсэн. Ирэх 10,11 дүгээр сард дэлхийн томоохон тэмцээнүүд хүлээж байна. Өөрийнхөө рекордыг эвдэхийн төлөө хичээнэ. 

Ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярлаж байгаа. Талийгаач дасгалжуулагчийнхаа захиасыг биелүүлсэндээ баярлаж байна. Тамирчин хүнд ар гэр чухал. Бүхий л амжилтын минь ард ээж минь байсан. Ээжийгээ бага ч гэсэн баярлуулсандаа сэтгэл өег байна.