Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ны дотор Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасан. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: 

- Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүнэ. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэд дэд төвүүд байгуулсан. Цаашид дээрх төвүүдэд зарим Яам, Тамгын газруудыг нүүлгэх асуудал яригдаж байна. 

-  Яармагт төлөвлөлт муу болсон талаар Нийслэлийн Засаг даргын зүгээс ч гэсэн мэдэгдсэн. Хотын захиргааны зүгээс Яармаг рүү нүүлээ гэхэд замын түгжрэл, ачааллыг нэмэхгүй байхаар дотооддоо зохион байгуулалт хийнэ. Юун түрүүнд цагийн хуваарийг зохицуулна. Ер нь Яармаг чиглэлийн замын түгжрэлийг бууруулах ажлуудыг төлөвлөж байна. Нүхэн гарцын төсөл 2022 оноос хэрэгжинэ. 

- Шинэ барилга гурван блок хэсэгтэй. Одоогоор нэг блок нь ашиглалтад орсон. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Хамгийн түрүүнд иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөсөн. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх жилийн намар гэхэд бүрэн дуусна.