Онцгой байдлын алба хаагчид Булган, Баянхонгор, Хөвсгөл аймагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Иргэн М, Н нарын мотоциклыг нь “Эг”-ийн гүүрний хажуугаас олжээ

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг 09.09-ний өдөр “Эг”-ийн голын эрэг дагуух тогтоол усыг насосоор соруулж, мөн эрэг дагуу явганаар 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоожээ. 09.10-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.


Айлд цагаан идээ хүргэхээр явсан иргэн 20 хоног сураггүй байна

Түүнчлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. 

Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:19 цагт түр зогсоожээ. 


Сураггүй болсон иргэний малгай болон гадуур дотуур цамц олджээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 

09.09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.10-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.