Хүн амины хэрэгт буруутгагдаж, 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийн ээж Б.Эрдэнэчимэг өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. 

- 2015 оны хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.  Түүний хүү 18 настай байхдаа хүн амины хэрэгт буруутгагдаж, 20 жилийн хорих ял авсан бөгөөд ээж нь энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж,  дүн өвлийн хүйтэнд Төрийн ордныг хөл нүцгэн тойрч байсан юм.

Тухайн үед хэргийн газарт 3 хүн байсан ч зөвхөн хүүг нь сэжигтэнээр татаж, хамт байсан ах дүү хоёрыг гэрчээр шүүх хуралд оруулсан байна.  Ах,  дүү хоёрын өгсөн мэдүүлгээр түүний гар нь цус болчихсон зүүн гартаа хутга, баруун гартаа заазуур барьчихсан орж ирсэн. Бид цагдаа иртэл түүнийг диван дээр дарж байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг гэжээ. Гэтэл тухайн хутга, цаазуураас түүний хүүгийн хурууны хээ олдоогүй байна. Хэргийн анхан шатны үзлэгээр хүүгийн үс, хумс, хувцаснаас дээж авахад цусны толбо гэх мэт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт олдоогүй аж.

Тэрбээр “Би хүүгийнхээ энэ асуудлын хойноос удаан явж байна.  БЗД-ийн прокурор н.Гэрэлмаа миний өгсөн гомдлыг ямар нотолгоогоор үгүйсгэж байгаагаа нээлттэй танилцуулахыг хүсч байна. Би прокурор н Гэрэлмаатай нээлттэй мэтгэлцэхэд бэлэн. Хэргийн газар дээрээс баримтжуулж авсан зураг, нотлох баримтыг дэлгэж харуулахгүй байна. Миний хүүг гэм буруугүйг нотлох баримтуудыг устгасан гэж би хардаж байна” гэв.