Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

- Сөрөг хүчин шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан улс учир олонх нь цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Тиймээс иргэдийн жагсаж цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандана. Хэлж байгаа байр суурийг нь шүүмжлэл гэхээсээ зөвлөгөө гэж хүлээж авна. Нэг зүйлийг л анхаармаар байна. Яг одоо нөхөн сонгуульд явагдаж байна. Улстөржилт нэмэгдэж байх шиг байна. Ковид, дархлаажуулал болоод дөнгөж сэргэж байгаа эдийн засгаа битгий улстөржүүлээсэй. Учир нь бодлогогүй улстөржилтөөс болж өмнө нь дархлаажуулалт тасалдаж байсан гашуун түүх бий. Бусад нь улстөрд байх зүйл.