Транспэрэнси интернэшнл байгууллагаас Ази номхон далайн бүс нутгийн 20 гаруй мянган хүний дунд авлигын талаар судалгаа явуулж, “авлигын сэрэг иргэд тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэсэн асуултад хариулт авахад олонхи нь буюу 22 хувь нь “мэдээлэх”, 21 хувь нь “хахууль өгөхгүй байх” гэж хариулжээ. Цаашлаад яагаад “мэдээлэх” буюу шүгэл үлээх алхмыг хийгээгүй шалтгааныг тодруулахад манай улсаас судалгаанд оролцсон иргэдийн хамгийн олон буюу 22 хувь, “үр дагавраас айдаг” гэж хариулсан байна.
Манай улсын иргэдийн дунд аль нэг байгууллага, албан тушаалтны талаар мэдээлэл өгвөл сүрдүүлэг, дарамт шахалт ирэх болов уу гэдгээс эмээж, болгоомжлон зүй бус асуудлыг мэдээлэхгүй, хэлэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Гэвч зүй бус үйлдлийг илчлэхийг дэмждэггүй, эсхүл хамгаалдаггүй орчин нөхцөлд авлигын эрсдэл өндөр, санхүүгийн бусад гэмт хэргийн гаралт нэмэгддэг нь бараг жам ёсны үйлдэл.
Тиймээс аливаа хууль бус үйлдлийн талаар мэдээлэх, шүгэл үлээж мэдээлсэн иргэнийг хамгаалж, дэмжиж, урамшуулах нь авлигаас урьдчилан сэргийлж, авлигатай тэмцэх ажилд чухал түлхэц үзүүлдэг тул дэлхийн ихэнх нь улс орон “шүгэл үлээгч”-ийг хамгаалах тогтолцоог нэвтрүүлээд байна. Тэдний зарим нь шүгэл үлээгчийг хамгаалах заалтуудаа Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд тусгаж өгсөн байдаг бол цөөн орон шүгэл үлээлтийн тухай цогц хуультай.
Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Авлигын индексийг бууруулах ажлын хэсгээс Шүгэл үлээгчийн тухай хуулийг ирэх сард өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Одоогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Гэвч тус хуульд зарим талаараа учир дутагдалтай, шүгэл үлээгч нь зөвхөн нэр зааж өгсөн төрийн байгууллагуудад хандана, хэрэв шүгэл үлээгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ гаргавал зохицуулалт нь хэрхэх вэ зэрэг олон асуудал нь тодорхой бус байгааг хуульчид хэлж байна.
Энэ талаар хууль Л.Галбаатараас тодрууллаа.
- Шүгэл үлээгч гэж хэн бэ, хэнийг нь шүгэл үлээгч гэж тодорхойлох вэ?
- Нэг талаараа мэдээлэгч, нөгөө талаараа матаач гэж хэлж болно. Гэхдээ шүгэл үлээгч нь ямар асуудлаар, хэнийг матаж байна вэ гэдгээрээ буюу үнэт зүйлээрээ матаач, мэдээлэгчээс ялгагддаг. Ерөнхийд нь нийтийн эрх ашгийн төлөө хууль бус үйлдлийг илчилж, цаашид гарах асуудлыг нь гааруулахгүйн тулд нотлох баримттайгаар илчилж байгаа хүнийг шүгэл үлээгч гэж ойлгож болно. Гэхдээ шүгэл үлээгч нь хохирогч байх албагүй.
- Манай улс шүгэл үлээгчийн бие даасан хуультай болохоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хуулиар Шүгэл үлээгч бүрэн хамгаалагдаж чадах уу?
- Юуны түрүүнд шүгэл үлээнэ гэдэг маш их зориг шаарддаг зүйл. Хүссэн хүн болгон хийгээд байдаг зүйл биш. Нийтийн эрх ашгийн төлөө хууль бус буруу зүйлийг таслан зогсоохын тулд, арга хэмжээ авна гэж итгэж байгаа этгээдэд хандах нь өөртөө том эрсдлийг авчирдаг. Гэвч Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хэд хэдэн орхигдуулсан зүйл байна.
- “Шүгэл үлээгч”-дэд хамгаалалт хамгийн чухал асуудал. Хамгаалалт сайн, хууль нь тодорхой болж гэмээнэ нэг хүний бус нийтийн эрх ашгийн төлөө дуугарах зоригтой, итгэлтэй болно. Энэ асуудал хуулийн төсөлд хэр тусгагдаж чадсан гэж та үзэж байна вэ?
- Шүгэл үлээгч нь ямар асуудлаар, хэнд хандаж байгаа вэ гэдгээсээ хамаараад нэр, хоч зүүхээс эхлээд л заналхийлэлд өртдөг. Албан тушаал буурна, цалин хангамж нь хасагдах ч эрсдэлтэй. Хэдийгээр шүгэл үлээгчийг “Гэрч хохирогчийн хамгаалах хууль”-аар хамгаална гэж заасан ч сөрөг арга хэмжээ авч болохгүй гэх асуудал нь сайн тусгагдсан эсэх нь учир дутагдалтай. Бүрэн орж чадсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Түүнчлэн мэдээллийг илчлэгч иргэн хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр ял, шийтгэл авах магадлал өндөр байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хууль, тогтоомж зөрчсөн, байгууллагын нууц задруулсан гээд буруутгах зүйл цөөнгүй. Үүн дээр “60 тэрбум”-ын хэргийг илчлэгч Г.Доржзодовыг дурдъя. Болсон үйл явдлыг санаж байгаа байх. Түүний хэргийг Анхан шатны шүүх нь хэрэгсэхгүй болгоход Давж заалдах шатны шүүх нь анхан руу буцаачихсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн хуулиар Шүгэл үлээгч нь гэмт хэрэгтэн болох эрсдэл өндөртэй. Тиймээс Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд Төрийн болон албаны нууцын тухай хууль, тогтоомж зөрчсөн гэж буруутгахгүй, хэрэв сөхөж тавьсан асуудалд шүгэл үлээгч өөрөө хамтран оролцогч байвал ял шийтгэлээс нь хөнгөлөх, хариуцлагаас чөлөөлөх механизм заавал тусгах ёстой. Харамсалтай нь энэ талаар дурдсан зүйл заалт алга.
Уг нь хамгаалалтын асуудлыг хуулиндаа тодорхой тусгаж чадвал олон хүн хууль бус асуудлыг илчилж, тэр хэрээр нийгэмд шударга ёс тогтож, нийтийн эрх ашиг хамгаалагдана. Хэдийгээр бусад улс орны жишгийг харахад жинхэнэ утгаар нь шүгэл үлээдэг хүн тийм их байдаггүй ч бид хуулиараа тэдний хамгаалалтыг сайн хийж өгөх нь юу юунаас чухал асуудал.
- Хуулийн төсөлд Шүгэл үлээгч иргэн мэдээллээ зөвхөн Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт бичгээр хандана, амаар өгөх бол нотлох баримтыг хамтад нь өгнө гэж заасан байсан. Энэ талаар?
- Хуулийн төсөлд шүгэл үлээгч нь зөвхөн эрх бүхий байгууллагад хандана гэж хязгаарлаж байгаа хэтэрхий өрөөсгөл юм. Олон улсад шүгэл үлээгч нь сэтгүүлчдээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах эрхийг нь зохицуулсан байдаг. Энэ нь нэг талаараа шүгэл үлээгчээ хамгаалах арга зам болдог. Гэвч энэ талын зохицуулалт огт тусгагдаагүй байна.
- Хэрэв тухайн иргэн мэдээллээ төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад өгөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгчихвөл үүнийг “Шүгэл үлээсэн” гэж үзэхгүй гэсэн үг үү?
- Ерөнхийдөө тийм. Тиймээс хуульд төсөлд сэтгүүлч, хуульчаар дамжуулах гэдгийг тусгайлан оруулмаар байна. Ингэхдээ хуульч, сэтгүүлчээс шүгэл үлээгчийн үйл ажиллагаатай нь холбогдуулан гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авах, шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг шаардахыг хориглоно гэж оруулбал илүү оновчтой. Учир нь энэ удаагийн хуулийн төсөлд “Шүгэл үлээгч” нь хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл өгч болно гэж л заасан. Энд хуульчаар дамжуулах гэдэг эрхзүйн зохицуулалт огт байхгүй. Зарим улс оронд үүнийг хуульдаа тусгасан байдаг. Ингэснээр хуульч, сэтгүүлч нь шүгэл үлээгч иргэний мэдээллийг ч давхар хадгалах ач холбогдолтой.
- Хэрэв шүгэл үлээсэн иргэний мэдээллийн дагуу эрх бүхий байгууллага нь арга хэмжээ авахгүй бол яах вэ. Хэрэгжилтийг нь хэн эсвэл ямар байгууллага хангах ёстой вэ?
- Энэ бас чухал асуудал. Шүгэл үлээгч нь зориг гаргаад мэдээлэл өгдөг. Гэтэл тэр мэдээллийн мөрөөр нь арга хэмжээ авахгүй бол ямар ч үр дүнгүй хоцорно. Тиймээс мэдээллийг авсан этгээд асуудлын мөрөөр орж, шуурхай арга хэмжээ авах зохицуулалт хийх нь чухал. Дээрх асуудлууд хуульд тусгагдсан ч төдийлөн тодорхой болж чадаагүй байна гэж харлаа. Учир нь энэ хуулийг хэрэгжилтийг хангах тусгайлсан байгууллага нь хэн байх вэ гэдэг нь мөн л тодорхойгүй байна. Уг нь АТГ өөрөө байх ёстой. Гэтэл олон байгууллагад хуваачихсан байгаа нь дунд нь орхигдох эрсдэл үүсгэж байна.
- Урамшууллын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Хуулийн төсөлд хэмжээг нь хувьчилж заасан байсан. Тухайлбал 50 хүртэл сая төгрөгийн асуудал хөндөж, улсад шууд орлого оруулсан бол 20 хувийг олгоно гэх байдлаар...
- Шүгэл үлээгчийн тухай хуульд урамшууллын асуудал заавал байх ёстой. Бусад улс оронд ч гэсэн энэ жишиг бий. Энэ нь шүгэл үлээгчдийг идэвхжүүлэх нэг чухал хэрэгсэл болдог. Судалгаанаас харахад олон улсын урамшууллын дундаж нь 20 хувь байдаг юм билээ. Харин манай улсад тавин сая хүртэл төгрөгийн 20 хувийг, тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан 14 хувийг, хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг гэх мэтчилэн мөнгөн дүн ихсэх үед урамшууллын хувь нь буурах маягаар 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл авахаар тусгасан байсан.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!