Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Уг хуулийн төслийн талаар Монголын даатгалын холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо, Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо, тэдгээрийн гишүүн компаниудын зүгээс байр сууриа илэрхийллээ.


Тэд “Энэ хууль хэрэгжиж эхэлбэл юуны түрүүнд сонголтгүй болно. Даатгал, албан журмын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ төрд авах нь хамгийн буруу.

Бид иргэдэд даатгалуудын сайн, муу талуудыг нь хэлж, иргэдэд сонголтыг нь өгдөг.  Харин энэ хууль хэрэгжиж эхэлбэл ямар ч сонголтгүй болно.

Даатгалын компаниуд 30 хоногийн дотор нөхөн төлбөрийг нь олгох хуулийн заалттай. Зах зээлийн өрсөлдөөний зарчмын дагуу бид одоо дунджаар  24 цагийн дотор олгодог болсон.  Зарим нь 20 минутын дотор өгч байгаа даатгалууд бий.

Хэрэв энэ хууль хэрэгжиж эхэлбэл, нөхөн төлбөрөө  яагаад өгсөнгүй вэ гэж маргалдаж чадахгүйд хүрнэ.

Түүнчлэн одоогийн үйлчилж байгаа хуулиар хохирлын үнэлгээг тусгай компани хийдэг. Шинэ хуулиар үнэлгээг хэн, яаж тогтоох нь тодорхойгүй байна. Корпораци өөрөө үнэлгээгээ тогтоох юм шиг ойлгогдсон. Жолооч осол гаргаад даатгал дуудаад, засварын газар очно. Тухайн засварын газар шаардлага хангасан эсэх, нөхөн төлбөр олгогдсон эсэх нь мэдэгдэхгүй болно. Цаашлаад даатгалгүй жолооч осол гаргасан тохиолдолд нөхөн төлбөр олгодог. Шинэ хуулиараа энэ заалт хүчингүй болж байна.  Өөрөөр хэлбэл жолооч танд хэрэгтэй заалтууд шинэ хуулиар хүчингүй болж байна" гэв.