Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Мөн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрхийг зөрчсөн эсэх талаар хуулийнхнаас тодрууллаа.

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ: 

- Иргэн Д.Монголхүүг цагдан хорих 461 дүгээр ангид хүлээн авах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө болсон асуудалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн өдөр болсон асуудал ердөө 2 минутын хугацаанд л үргэлжилсэн. Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг саатуулахаар  461 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх байранд цагдаагийн албан хаагчид хүргэж ирсэн. 

Ингэхдээ цагдаагийн байгууллагаас "Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг хорих тогтоол байна. Тогтоолыг араас нэг мөрдөгч авч ирж байна. Биднийг араас иргэд дагаад байгаа учир танай шалган нэвтрүүлэх байранд тогтоол иртэл түр байж байя гэдэг санал тавьсан. Гэтэл 1.30 секунтын дараа иргэн иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгч болон Э.Одбаяр нарын хэсэг хүмүүс "Тогтоолгүйгээр хорих гэж байна. Мөрдөгчтэй нь уулзана" гэх асуудлыг тавьсан. 

Ингээд мөрдөгч нар тогтоолын талаар танилцуулж байх хооронд иргэн Э.Одбаяр нь иргэн Д.Монголхүүг хүчээр тэврээд аваад гарсан. Яг энэ үед цагдаагийн тогтоол авч ирж байсан албан хаагч нь шалган нэвтрүүлэх байр руу нэвтрээгүй байсан учир иргэн Д.Монголхүүг хорих ажиллагааг эхлүүлээгүй байсан. Манай байгууллага Д.Монголхүүг хүлээж аваагүй байсан учир  ШШГЕГ-ын ажилтнууд биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхзүйн үндэс үүсээгүй байсан гэж үзэж байгаа. 

Харин иргэн Э.Одбаяр Хамгаалалтын бүсэд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн" гэлээ.