Монголчууд 70 сая малтай ч олон улсын стандартад нийцсэн нядалгааны технологи нэвтрүүлээгүйгээс махны экспорт буурсаар байна. “Султан мах” компанийн үүсгэн байгуулагч Б.Айбенгийн үзэж байгаагаар “Халал” технологийг хөгжүүлснээр ойрын жилүүдэд Монголын махны экспортод илүү сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Тэрбээр бусад мах нийлүүлэгчдийг халал технологи хөгжүүлэхийг уриалахын зэрэгцээ “Урд өмнө нь халал мах бол зөвхөн Монголд амьдардаг Казах иргэдийн хэрэглээ байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж монгол хүмүүс ч хэрэглэх хандлагатай болсон гэлээ.
Б.Айбен: /“Султан мийт” компанийн захирал/
- Манай компани 2019 оноос эхэлж халал стандарт мах бэлтгэж эхэлсэн. Халал технологи бол эрт цагаас эхэлж энд амьдардаг Казах хүмүүсийн хэрэглээ байсан. Одоо бол цаг үе өөрчлөгдөж, өөр түвшинд хүрсэн. Анх манайхыг байгуулагдсанаас хойш зөвхөн Казах иргэд бус монгол хүмүүс хэрэглэгчид болж байгаа. Манайх хэрэглэгчдийн 50 хувь нь Улаанбаатар хотын Казах иргэд 30 орчим хувь нь Монгол иргэд, үлдсэн 20 хувь нь манай оронд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд байдаг. Эрэлт хэрэгцээ их болсон. Хүмүүс ч манайхыг мэддэг болсон.
Миний бодлоор 2019 он гарснаас хойш Монголын махны экспорт зогсонги байдалтай байгаа. Мэдээж үүнд Covid 19 өвчний нөлөөлсөн. Түүнээс гадна махны экспортод 2 том шалтгаан байгаа. Нэгдүгээрт малын гоц халдварт өвчин, хоёрдугаарт мах бэлтгэж нийлүүлэх эрүүл ахуйн шаардлага нь халал стандартад нийцүүлэх тухай асуудал байна. Дэлхий нийтээр халал стандартыг хүлээн зөвшөөрч, халал мах авахыг хүсэж байгаа. Тийм учраас мах бэлдэж байгаа үйлдвэрүүдийг халал стандартыг нэвтрүүлээрэй гэж уриалж хэлмээр байна. Хэрэв энэ стандартыг махаа бэлтгэвэл 2022 онд махны экспортод бэрхшээл бага гарах болов уу гэж найдаж байна.
К.Амина: /гэрийн эзэгтэй/
- Халал мах бэлтгэх явцад стандартын өндөр шаардлага тавигддаг. Тухайн малыг халалаас өөр аргаар төхөөрөх явцад мал айснаас болж илүү их адреналин гормон ихээр хуримтлагддаг. Адреналин гормон нь аз жаргалын гормон гэдэг ч хүний биед байх ёстой хэмжээнээс хэтэрсэн үед таргалалт, зүрх дэлсэх, хоол шингэц муудах гэх мэт сөрөг талуудтай байдаг. Тиймээс манай гэр бүл халал аргаар бэлтгэсэн махыг өдөр тутамдаа хэрэглэдэг.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!